Сүүнд урамшуулал олгох эсэхийг хэлэлцэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 18

 

Өнөөдөр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагт эхэлж,  Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын  тогтоолын төслийг  хуралдааны эхэнд хэлэлцлээ.

Тодруулбал Засгийн газраас үнэт цаас гаргах буюу 200 тэрбум төгрөгийг арьс, ширний үйлдвэрт зарцуулах талаар Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга танилцуулсан.   

Хамтарсан хуралдаанд МАН-ын гишүүн С.Бямбацогт: “Нэгэнт арьс, ширний үйлдвэрт 200 тэрбум төгрөг гаргах гэж байгаа бол үүн дээр нэмээд сүүний үйлдвэрүүдийг дэмжих 100 тэрбум төгрөгийг бондыг нэмж гаргах нь зүйтэй” гэж горимын санал лоуулав. Харин үүнийг зарим гишүүд “Тооцоо судалгаа байхгүй 100 тэрбум төгрөгийн бонд гаргах нь буруу” хэмээн горимын саналыг дэмжсэнгүй. Гэхдээ энэ гишүүний гаргасан горимын саналыг  Төсөв, Эдийн засгийн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг гарч, яаралтай шийдвэрлэхээр боллоо. Ажлын хэсгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ахлахаар болсон юм.

Харин бонд гаргах асуудлаар Х.Баттулга сайд: “Цаг үеэ бодоод үзэхэд, нэг, хоёрдугаар сар нь мал нядалгааны үе байдаг учраас арьс ширний үйлдвэрээ дэмжие гэсэн үүднээс Засгийн газраас 200 тэрбум  төгрөгийн бонд гаргая, энэ нь 60 тэрбум төгрөг малчдын гар дээр урамшуулал болж очно гэдгийг тооцоолж, дэмжигдээд явж байгаа юм. Гол будилааны эзэн С.Бямбацогт гишүүн ямар тооцоо, судалгаагүй Сүүний үйлдвэрүүдийн 100 тэрбум төгрөг гэж оруулж ирлээ. Тиймээс энэ асуудлаар яаралтай ажлын хэсэг байгуулж, энэ долоо хоногтоо хуралдуулж асуудлыг шийдэхээр боллоо.  Төр засгаас түүхий эд үйлдвэрлэгчдээ дэмжих зайлшгүй шаардлага бий. Арилжааны банкны хүү өндөр байгаа энэ үед малчдын  хотонд байгаа түүхийн эд шууд үйлдвэрлэгчдэд хүрч байж ажлын байр, энэ салбарыг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм”  гэв.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top