Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Японы Шизүока мужийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Японы Шизүока мужийн хот байгуулалтын газрын гүйцэтгэх дарга Яно Хиронори Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан хөгжмийн зэмсэг гардуулах “Батламж” бичгийг гардууллаа.
Шизүока мужийн хот байгуулалтын газрын гүйцэтгэх дарга Яно Хиронори уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “Биднийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулж, Шизүока мужийн зүгээс хөжмийн зэмсэг гардуулж буйдаа ихэд баяртай байна. Энэхүү хөгжмийн зэмсэг гардуулах үйл ажиллагаа нь хоёр орны цаашдын харилцаа болоод соёл урлаг, хөгжмийн салбарын хамтын ажиллагаанд түлхэц болох юм.
Шизүока муж нь Монгол Улстай найрамдалт харилцаатай бөгөөд олон салбар, чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Манай муж нь Дорноговь аймагтай найрамдлын хэлэлцээр тогтоогоод гурав дахь жилээ угтах гэж байна.
Монгол Японы ард иргэд урлаг соёл, хөгжмийн хэлээр дамжуулан харилцаагаа улам бүр өргөжүүлж чадна гэдэгт итгэлтэй байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан та биднийг хүлээн авч уулзсанд сэтгэл ихэд хангалуун байна” хэмээв.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хариуд нь “Баярлалаа. Монгол Улс ардчилал, зах зээлд шилжихэд хамгийн сэтгэл харамгүй тусламж үзүүлсэн улс бол Япон. Өнгөрсөн 22 жилийн турш Монголд орж ирсэн гадаадын зээл тусламжийн бараг гуравны хоёр хувийг Японы Засгийн газар өгсөн. Иймээс бид шилжилтийн хүнд хэцүү мөчид тусалж дэмжиж ирсэн Японы ард иргэдэд талархаж явах учиртай.
Хоёр улсын харилцаа, эдийн засаг, худалдаа, соёл урлаг тэргүүтэй бүхий л салбарт эрчимтэй хөгжиж буйг харахад сэтгэл өндөр байдаг. Монголын олон залуус Японд боловсрол эзэмшиж, чадварлаг боловсон хүчин болсоор байна. Хоёр орны харилцаа өнгөрсөн 40-өөд жилийн турш гүнзгийрэн хөгжсөөр байгаа билээ. Энэ хөгжлийн үргэлжлэл болж, хүн төрөлхтний нийтлэг хэл болсон хөгжмийн энэ сайхан зэмсгийн “Батламж”-ийг хүлээж авсандаа туйлын баяртай байна” гэв.
Сэтгэгдэл ( 0 )