200 тэрбумын бонд гаргаснаар 25.000 ажлын байр бий болно

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 18
 
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хамтран хуралдан “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход 140.4 тэрбум төгрөг, арьс ширэн түүхий эдээ боловсруулах үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчны урамшуулалд 59.6 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаас гаргаж арилжаалах тухай тогтоолын төсөл юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцээд хэлэлцэх нь зүйтэй үзсэн билээ.

Анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүд, тухайлбал С.Бямбацогт гишүүн ноос, ноолуур үйлдвэрлэгчдийг дэмжихээр гаргасан 300 тэрбум төгрөгийн бондын үр дүн хэр зэрэг байгаа, одоо гаргах гэж байгаа бондын үр дүн хэдийд гарахыг тодруулж байлаа.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга гишүүний асуултад хариулт өгсөн. Түүний мэдээлснээр, өмнө нь гаргасан 300 тэрбум төгрөгийн бондыг арилжаалан 300 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд, 100 тэрбум төгрөгийг ноолуурын үйлдвэрлэлийг дэмжихэд, 40 тэрбум төгрөгийг ноосны үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулсан байна. Жилдээ ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид 700 тн ноолуур бэлтгэн, хүчин чадлынхаа 20 хувийг л ашигладаг байсан бол 2012 онд өмнөх жилийнхээс гурав дахин их буюу 2168 тн ноолуур бэлтгэн, хүчин чадлынхаа 50 хувийг ашиглах болжээ. Түүнчлэн 1540 ажлын байр бий болсон юм байна.

Ноосны салбарт ч маш том ахиц гарсан гэж сайд тэмдэглэлээ. Жилд үйлдвэрлэл эрхлэгчид 4000 тн ноос худалдан авдаг байсан бол ноосны урамшуулал, зээлийг олгож эхэлснээс хойш 16.400 тн ноос бэлтгэжээ. 2012 онд 103 малчинд 29.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. Өөр нэг том ололт бол хөдөө орон нутагт ноос угаах зургаан үйлдвэр баригдаж эхэлсэн байна. Бондыг яаралтай гаргах гэж буй шалтгаан нь мах бэлтгэл эхэлж буй 11, 12, 1 дүгээр сард арьс, ширний 70 хувийг бэлтгэдэг юм байна. Тийм учраас арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн гадагшаа гараад явчихдаг түүхий эдийг тогтоох зорилготой ажээ.

Арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих 200 тэрбум төгрөгийн бондын үр дүнд 25 мянган ажлын байр бий болно гэсэн судалгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас гаргаад байгаа ажээ.  Гэхдээ эцсийн үр дүн 2016 он гэхэд гарна, тооцоо судалгааг ч сайн хийсэн гэж яамныхан хэлж байлаа.

С.Бямбацогт гишүүн нэгэнт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих асуудал яригдаж байгаа болохоор сүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхэд анхаарал хандуулж, 100 тэрбум төгрөгийн бондыг нэмж арилжаалья гэсэн байр суурьтай байлаа.

Х.Баттулга сайд, Монголчуудын 5 хувь нь л шингэн сүү хэрэглэж, үлдсэн 85-90 хувь нь хятад, Оросоос оруулж ирж буй хуурай сүүг хэрэглэж байгаа гээд, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах салбар хамгийн хоцрогдсон гэдийг онцолж байлаа. Тэрбээр эхний ээлжинд ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжин, дараагийн удаад арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх гэж байгааг дурдаад үүний дараа сүү үйлдвэрлэгчдийг дэмжих асуудлыг судалж байгаа хэмээлээ.

Гишүүд бондын борлуулалт, бондын орлогоор үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжих, зээлийг хэрхэн олгох, бичилтийг хэрхэн хийх зэрэг асуудлаар нэлээд ярилцсаны эцэст Ажлын хэсэг байгуулан дахин хэлэлцэхээр болж түр хойшлууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top