Тэргүүлэгчийн “амь тариа” Бриксийн таалалд нийцэхгүй байна..

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 19

Арав гаруйхан хоногийн дараа залран ирэх арвангурван оны гуравдугаар сарын сүүлчээр Дурбанд Брикс бүлгийн дээд хэмжээний уулзалт болно. Ноён долларыг  шахан зайлуулахаар эргэлт буцалтгүй замдаа гарсан  тэд Делигийн хэлэлцээрийн үр дүнг илүү наашлуулахаар ийн уулзалдах гэж буй юм. Тодорхой хэлбэл, бүлгийн гишүүд болох Орос, Энэтхэг, Хятад, Бразил, ӨАБНУ гэсэн таван улс хүч нийлэн Хөгжлийн банк байгуулах асуудлаа урагшлуулах талаар тухайлан хэлэлцэнэ гэдгийг  шинжээчид тэмдэглэж байгаа юм.

Тэгэхээр нэгэнтээ ам.долларын ноёрхлын эсрэг хүч зүтгэлээ нийлүүлж байгаа эдгээр таван улс өөрийн валютаар бие биедээ зээл олгохоор тохиролцсон нь бодит үр дүнг дагуулах чухал алхам болж харагдаж байгаа билээ. Брикс ийнхүү ам.долларын хамаарлаас ангижрах оролдлого хийж байгаатай зэрэгцэн Холбооны нөөцийн системээс сар тутам тэрбум тэрбумаар нь доллар хэвлэх байр суурьтай байна. Мэдээж энэ нь Брикс бүлгийн орнуудад таалагдахгүй байгаа бөгөөд Хөгжлийн банкаа даруйхан байгуулж, өөрсдийгөө хамгаалалтад авах сонирхолтой байна.

 Америк ба ам.долларын хэт ноёрхол нь дэлхий дахины эдийн засгийн хямралын үед тэргүүлэгчийн хувиар дорвитой амь тариаг хийж чадахгүй  юм байна гэдэг нь илүүтэй батлагдаад байгаа билээ. Түүнчлэн хямралыг намжаахад хамгийн гол нөлөөллийг Брикс бүлгийн орнууд үзүүлж байгаа нь бас үнэн. Тэгэхээр Брикс бүлгийн орнууд ам.долларын эсрэг тэмцэж байгаа нь угтаа бол дэлхий дахины эдийн засгийг илүү эрүүл, олон талт нөхцөл байдал руу шилжүүлэх гэсэн оролдлого байж болох юм.

Тус бүлгийн улс орнуудад дэлхийн нийт хүн амын 40 хувь ногдож, дэлхийн ДНБ-ний 20, дэлхийн худалдааны 15 хувь оногдож байна гээд аваад үзэхэд ч тэндээс ирэх нөлөөллийг асар өндөр юм. Шинжээчдийн өгүүлж буйгаар брикс бүлгийн гишүүн орнууд  тус тусдаа эдийн засаг, хөгжлийн ихээхэн чадавхтай. Түүнчлэн ам.долларын ноёрхлын эсрэг үндэсний валютуудаа тунхаглах тал дээр яах аргагүй хамтын ажиллагаа шаардлагатай байгаа талаар яригдаж буй юм. Цаашлаад Брикс бүлгийн орнууд Хөгжлийн банкаа байгуулсанаар Олон улсын валютын сан, Дэлхийн банкны орон зайнаас томоохныг хэлтлэх талаар ч хэдийнэ шинжээчид тэмдэглэж байгаа юм.

Түүнчлэн нөгөө талаас нь авч үзвэл Орос, Энэтхэг, Хятад, Бразил, ӨАБНУ гэсэн таван улсын хамтын хүчээр боссон Хөгжлийн банкин дахь эрх мэдлийн хуваарилалт ямар байх нь бас анхаарал татаж байна. Яг Хөгжлийн банкны тухайд аваад үзэхэд хамгийн чухал асуудал нь Хувь нийлүүлэгчдийн хэрэгцээг тодорхой болгох явдал байдаг. Аливаа нэг улсын Хөгжлийн банкны тухайд Хувь нийлүүлэгчдийн төлөөлөл нь хувь хүн эсвэл байгууллага хэлбэрээр байж болдог. Жишээ нь: Сангийн яам эсвэл Эдийн засгийн яамаар дамжуулан тухайн орны ерөнхийлөгч, эсвэл Сангийн яам болон Худалдааны яамнаас байгуулсан комисс. Засгийн газар болон Хөгжлийн банкны хоорондын харилцаа нь зөвхөн хувьцаа эзэмшигчдийн чуулган, хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болон Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргын хоорондын шууд харилцаа байдаг. Хөгжлийн банкийг зохицуулж буй хууль тогтоомж нь хувь нийлүүлэгчдийн итгэлийг ТУЗ-д хүлээлгэх зохистой механизм байдаг.

Тэгвэл хэд хэдэн улс нийлж Хөгжлийн банк байгуулж байгаа нөхцөлд ямар байдлаар байх ёстой бол гэдэг асуудал бий.

Жирийн Хөгжлийн банкны тухайд Хувь нийлүүлэгчдийн төлөөлөл нь ТУЗ-ийн гишүүдийг томилох бүрэн эрхтэй. Хувь нийлүүлэгчид нь ТУЗ-ийн гишүүдэд тавигдах шаардлагуудыг тодорхойлох бөгөөд үүнийг ТУЗ-ийн орон тоонд шинээр гишүүн авах бүрд дагаж мөрддөг. Тэгэхээр Орос, Энэтхэг, Хятад, Бразил, ӨАБНУ гэсэн таван улс хувь нийлүүлж байгаа учраас ТУЗ-аа томилно. Хяналтаа тавина.

ТУЗ нь Хөгжлийн банкны  үйл ажиллагааны стратегийг боловсруулж батлах үүрэгтэй. Хувь нийлүүлэгчид нь бодлогын зорилтыг тодорхойлж, ТУЗ уг зорилтуудыг Хөгжлийн банкны  стратегийн төлөвлөгөө болгох үүрэгтэй. Тиймээс  бодлогын зорилтод хүрэхэд болон банкны санхүүгийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай гүйцэтгэлийн үзүүлэлт, үнэлгээг ТУЗ боловсруулна.

Хөгжлийн банкны ил тод байдал нь хувьцаат компанитай ижил байх бөгөөд тогтмол гаргах санхүүгийн тайлан, жилийн эцсийн тайлан нь байгуулсан талын болон Хөгжлийн банкны  хариуцлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой. ТУЗ-ийн болон гүйцэтгэх удирдлагын ашиг сонирхлын зөрчил  нь мөн олон нийтэд ил тод байх шаардлагатай.

Тэгэхээр дээрх таван улс нийлэн Хөгжлийн банк байгуулахдаа энэ мэт энгийн шаардлагуудыг дагах уу. Эрх мэдлийн хуваарилалт дээр хэрхэн тохиролцох бол гэдэг асуулт яах аргагүй гарч ирнэ. Энэ бүхний хариулт  Дурбанд болох уулзалтын үр дүнд тодорхой болох  болов уу гэдэг нь ч бас л асуулт юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top