Г.Шийлэгдамба: МАХН Засгаас гарахгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 19

Дөнгөж сая МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж дууссаны дараа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн юм.

-Өнөөдөр МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдлаа. Ямар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн бэ?

-МАХН-ын Гүйцэтгэх товчоо дөнгөж сая хуралдаж дууслаа. Гол яригдсан асуудлууд нь  өмнөх Гүйцэтгэх товчооны хурлаар хэлэлцсэн МАХН Засгийн газраас гарах тухай асуудлыг  Шударга ёс эвслийн Удирдах зөвлөлд тавьж , хэлэлцүүлэх асуудлыг хөндөж тавьсан. Уг асуудлыг хөндөж ярих болсон үндсэн шалтгаан нь  өнгөрсөн хоёр өдөр МАХН-аас  нэр дэвшиж, бүх шатны Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон нийт 300 орчим төлөөлөгчидөө  хүлээн авч, сургалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулан явуулсан байгаа.

Уг сургалт семинарын үеэр явуулсан хэлэлцуүлгээр манай намаас сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчид хэд хэдэн тодорхой асуудлаар санал дэвшүүлэн хэлэлцүүлсэн. Гол яригдсан сэдэв мэдээж МАХН Засгийн газраас гарах тухай асуудлыг хөндөж ярилаа.

Засгийн газраас гарах  эсэх тухай асуудал яригдах  болсон хэд хэдэн шалтгаан байгаа.  Нэгдүгээрт, орон нутгийн сонгуулийн үеэр МАХН-д учирсан бэрхшээл, тус намаас дэвшсэн нэр дэвшигчдийг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй байх,оролцсон тохиолдолд хуулинд байхгүй саад бэрхшээлийг туулсан нөхцөл байдлыг улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэг хэлбэр гэж үзэж байсан.

Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой бас асуудлыг улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж байна гэж үзээд ёс зүйн хувьд манай нам Шинэчлэлийн гэж байгаа  Засгийн газар хууль ёсыг эрхэмлэн сахих үүргийг хангалттай биелүүлэх учиртай гэсэн үүднээс уг асуудлыг хөндөж тавьж байсан.

Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор  МАХН-аас төрийн бүх шатанд, орон нутгийн бүх Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дэвшүүлэн тавьж байгаагаар Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй. Улс төрийн хэлмэгдүүлэлт, сонгуулийн булхай будилаантай явдлыг хяналт тавьж зогсоохын тулд  гадна  биш дотор  нь  ажиллаж бүх шатанд хяналтыг тавьж байж, энэ шударга бус байдлыг зогсоож чадна гэж үзсэн. Энэ асуудлыг Гүйцэтгэх товчооны хурлаар авч хэлэлцээд,  дээрх саналыг зөв  зүйтэй юмаа гэж үзсэн. 

Гүйцэтгэх товчооны хурлаар  Засгийн газраас гарах эсэх тухай асуудлыг Эвслийн удирдах зөвлөлд тавих шаардлагагүй, харин өмнө гаргасан шийдвэрээ бид дахин эргэж хараад, цаашдаа Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top