Д.Арвин гишүүн МАН-аас гарч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 20

 

УИХ-ын гишүүн Д.Арвин МАН-аас гарч, Ардчилсан намд элсч буй тухайгаа өнөө орой МҮОНТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөр анх удаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр МАН-аас гарах тухай өргөдлөө өчигдөр Баянзүрх дүүргийн намын үүрт өгчээ. 

УИХ-ын гишүүн Д.Арвин “Цагийн хүрд” хөтөлбөрөөр ярихдаа “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд барууны үзэлтэй нам, зүүний үзэл баримтлалтай намууд нэг Засгийн газарт хамтарч ажилласан. Энэ хугацаанд намуудын хооронд үзэл баримтлал, онолын зөрчил гараагүй. Тийм учраас Монголд барууны үзэл, зүүний үзэл хэт давамгайлахгүйгээр, энэ хоёр үзэл баримтлалын дундуур байж болно, үзэл баримтлалын хувьд зөрчилдөх зүйлгүй гэж би бодож байна.

Би МАН-ыг ядарсан үед нь орхиогүй, задарсан үед нь гарч байна гэж ойлгож байгаа. Манай нам хоёр задарсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Би 1990-ээд оны үед тухайн үеийн МАХН-д элсч, ямар ч гишүүнгүй хүнд үед нь бусад нөхдийнхөө адил түрийвчээ бариад очиж байсан. Оюун ухаанаа зориулж, өдөр шөнөгүй ажиллаж байсан. Ингээд манай нам удалгүй хүчирхэгжиж, эдийн засгийн хувьд ч хүчтэй нам болсон. Ийм үедээ манай намын удирдлагууд (Би жирийн гишүүдийг хэлээгүй шүү), хэдхэн тооны хүмүүс биеэ тоож, гишүүдээ үл тоомсорлон, МАХН-ын нэрийг өөрчилсөн. Ингээд МАХН чадалтай, хүчтэй үедээ задарсан. Би одоо задарсан үед нь намаасаа явж байна.

Хоёрдугаарт, манай намынхан өөрсдийгөө удирдаж байсан үе үеийн удирдлага, дарга нараа үргэлж хэлмэгдүүлсэн. Тухайлбал, Ю.Цэдэнбал даргыг тухайн үеийн намын удирдлагууд байсан хүмүүс намаас нь хөөж хэлмэгдүүлэн, өмч хөрөнгийг нь хурааж байсан. Ж.Батмөнх даргыг ч бас гудамжинд гаргаж, сэтгэл санааны маш хүнд байдал, дарамтад байж байгаад өнгөрсөн. Хамгийн сүүлд Н.Энхбаяр даргыг хүнд байдалд оруулсанд олон жил энэ намын гишүүн байсны хувьд маш их харамсдаг.

Энэ мэт байдал, сөрөг хандлага надад ч бас төрсөн илэрсэн учраас би МАН-ын гишүүнчлэлээс татгалзах шийдвэр гаргасан” хэмээн өгүүллээ.
Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top