ЕТГ-ын дарга П.Цагаан: Ерөнхийлөгч маргааш ажлаа төлөвлөсөн ёсоороо явуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 20

 

-       Ерөнхийлөгчийн УИХ-д өргөн барьсан хуулийн төслөөс гадна асуух нэгэн зүйл байна. Маргааш буюу 12 сарын 21-нд дэлхий сүйрэх тухай янз бүрийн цуу яваад хүмүүсийн сэтгэл санааг хоёрдуулсан зүйл яриад байна?

-       Дэлхий сүйрэхгүй ээ, амьдрал үргэлжилнэ гэдгийг эрдэмтэн мэргэд ч, далай лам, лам хуврагууд ч дахин дахин яриад байхад олны санаа сэтгэлийг үймүүлсэн яриа гаргаж байгаа хүмүүс энэ утгагүй үйлдлээ зогсоож, үг хэлээ цэнэмээр юм. Дэлхийн амьдрал үргэлжилнэ. Хууль журам ч мөрдөгдөнө. Манай дэлхийн нас 4-5 тэрбум жил гэж үздэг.. Тэрбум жил. Олон нийтийг буруу үйл хөдлөл, буруу зүйл рүү залсан хүмүүс хариуцлага хүлээх учиртай.

-       Монгол Улсын Ерөнхийлөгч 21-нд яг хаана байх вэ?

-       Ерөнхийлөгч ажил албаа төлөвлөсөн ёсоороо явууулна. Улаанбаатарт байна, өргөө гэртээ хононо. Харин 22-нд цаатан иргэдээ эргэхээр Хөвсгөл рүү явахаар төлөвлөсөн байгаа. Явах ч байх.

-       Ерөнхийлөгч маань амар тайван ажлаа хийж байгаа болохоор  бид ч амар тайван байж болох нь ээ.

-       Тийм ээ. Амар тайван ажил амьдралаа амжуулах хэрэгтэй. Харин  чоно борооноор гэгчээр дуулиан шуугианыг далимдуулж ашиг хонжоо олох гэсэн аливаа үйлдлийг хууль хамгаалах байгууллага, ард иргэд таслан зогсоох ёстой гэдгийг хэлмээр байна.

-       Сая нэг ТВ-ээр Ерөнхийлөгч маргааш онцгой байдал зарлана гэсэн утгатай зүйл ярьж байна. Бас л цуу үг үү?

-       Онцгой байдал тогтоох тухай ямар ч яриа байхгүй. Харин 12 сарын 22-ноос ес эхэлнэ. Хүйтний эрч чангарна. Хүн ардын амь нас, эрүүл мэндэд болон мал сүрэгт  янз бүрийн гэнэтийн аюул гамшиг учирч болзошгүй тул Онцгой байдлын албад, тэнд ажиллаж байгаа хүмүүс бэлэн байдлаа өндөржүүлэх нь зөв. Түүнээс биш Ерөнхийлөгчийн саначилгаар ямар нэгэн онц байдал тогтоох тухай ямар ч яриа санаа бодол байхгүй гэдгий хариуцлагатай хэлье.

Нэмээд хэлэхэд, Олон мянган жилийн өмнө зохиосон индиануудын нэг хуанли л дуусч байна гэж бодох хэрэгтэй.  1967 онд Икар гариг манай  дэлхийг мөргөхгүй гээд бичээд, яриад байхад үгүй мөргөнө гээд хөдөө хээр гарч хонь малаа төхөөрч ажил албаа алдагдуулж байсан хөгтэй явдлыг давтахгүй байхыг уриалж байна.

-       Тодруулга өгсөнд баярлалаа 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top