УИХ-ын гишүүн Д.Арвин АН-ын батлахаа гардаж авсны дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө
-Намаасаа гарах хамгийн том шалтгаан юу байв?
-Би Монгол Улсынхаа төлөө өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй гэсэн хатуу байр суурьтай байсан. Манайд өөрчлөн байгуулалт явагдаж байгаа боловч иргэдийн амьдралд дорвитой өөрчлөлт гарахгүй, хүй нэгдлийн үеэс доогуур амьдарч байна. Үүнийг би нийслэлийн хамгийн их хүн амтай томоохон дүүрэгт нэр дэвшихдээ мэдсэн. Иргэдийнхээ төлөө сэтгэл зовнин өнгөрсөн зуны таван сарын хугацаанд суухдаа Монгол Улс ийм зарчмаар ажиллаж болохгүй гэж бодсон. Ийм ч учраас нийгмийн эмзэг бүлэгт амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, амьжиргааг нь дээшлүүлэх нь чухал байсан. Гэтэл одоогийн манай намын тогтолцоо чинээлэг амьдарч байгаа хүмүүст үйлчилж байсан. Ажлын байргүй иргэд, гэрэл, худаг, сургууль, цэцэрлэггүй иргэд нийслэлийн захын хороодоор маш олон байна. 190 гаруй мянган хүн ийм байдалтай амьдарч байгаа. Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст зориулсан бодлогыг өмнөх парламентад сууж байхдаа удаа дараа тавьж байсан. Гэтэл миний саналыг аваад яг оруулах болохоороо манай ажлын хэсгийн ахлагч өөрчлөөд оруулж байлаа. НХХЯ гэхээсээ илүү Хөдөлмөрийн яам байгуулах саналыг өөрийнхөө намын толгойлж байсан Ерөнхий сайд болон ЗГХЭГ-ын даргад удаа дараа тавьж байв. Аль нь ч хэрэгжээгүй. Монгол Улсад агаар, хөрсний бохирдлын асуудлаар Нийгмийн бодлого боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга байхдаа олон асуудлыг шийдэж, УИХ-ын түвшинд оруулж байсан ч энэ асуудлыг гүйцэтгэх засаглал, манай намын бодлогоор хэрэгжүүлэхгүй байсанд сэтгэл маш ихээр эмзэглэж байсан. Тиймээс би АН-д ядарсан иргэдэд туслая, миний энэ бодлогыг дэмжиж ажиллаач гэх саналыг УИХ-ын дарга З.Энхболдод тавьсан. Гэтэл УИХ-ын дарга манай бодлоготой ижил байгаа учраас хамтарч ажиллаач гэсэн. Би улс орон, намаасаа урваагүй. Гагцхүү АН-д байж энэ ажлыг хийх зорилгоор ийм шийдвэр гаргасан. АН, МАН баруун, зүүний нам боловч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамтарч ажиллахдаа ямар нэг зөрчил гаргаагүй. Тийм учраас Монгол Улсад хэт баруун, зүүний үзэл баримтлал хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон учраас би ийм сонголт хийсэн. МАН-ынхаа намайг дэмсэн гишүүд байгаа. Тэдэндээ талархахын ялдамд итгэлийг нь алдахгүй ажиллахын төлөө явна. Нам дотор муур, хулгана болж тоглохыг хүсээгүй. Намынхаа шинэчлэлтийн төлөө “Элсний-13” хүртэл зүтгэж, өдөр шөнөгүй тэмцэж ирсэн ч үр дүн огт гарахгүй байсан. Тиймээс би намынхаа дотоод ардчиллын төлөө явахаас илүү сургууль, цэцэрлэггүй ядарч зовж буй иргэдийнхээ төлөө ажиллах хүсэлдээ эрмэлзэж энэ төр засагт орж ажиллах ёстой гэсэндээ энэ сонголтыг хийлээ. Энэ бол урвалт биш, сонголт. Би зогсонги амьдрахыг хүсээгүй. Нам дотор зогсонги байхгүйн төлөө намынхаа бүлэг болгон дээр хэлж ирсэн. Тиймээс би өнгөрсөн 12 жилийн хугацаанд ярьж хэлж ирсэн болохоос биш миний хийсэн бүтээсэн зүйл хийгдээгүйд гомдож явдаг. Яагаад гэвэл би гурван удаа парламентад сонгогдсон хэр нь өөрийнхөө бодож сэдсэн ажлаа төрийн бодлого болгож чадаагүйдээ харамсдаг. Намайг сонгосон ард түмнээсээ дотроо уучлалт гуйдаг байлаа. Гэхдээ би өөрийнхөө сонгогдсон тойргоо хөгжүүлж чадсан. УИХ-ын гишүүн байна гэдэг бол Монгол Улсын нийтлэг эрх ашгийн төлөө явдаг. Үүнийгээ төрийн бодлогод суулгаж чадаагүйдээ харамсаж, энэ нам миний бодлогыг дэмжинэ гэдэг үүднээс ийм сонголт хийлээ.
-Таны намаас гарах шийдвэрийг МАН-ын удирдлагууд хэрхэн хүлээж авсан бэ?
-МАН-ынхаа удирдлагуудад албан ёсоор хэлээгүй. Хоёр хоногийн өмнө намынхаа үүрт өргөдөл, намын батлахаа өгсөн. Манай намын дүрэмд заасны дагуу намаас гарах өргөдөл, батлахаа өгснөөр энэ асуудал шийдэгдсэн.
- Баянзүрх дүүргээс таныг сонгосон сонгогчдод юу гэж хэлэх вэ?
- МАН-аас нэр дэвшсэн нь үнэн. Гэхдээ ганцхан энэ намын нэрээр гарч ирсэн гэвэл өрөөсгөл ойлголт болно. Хэрэв МАН-ын нэрээр гардаг бол УИХ-ын өнгөрсөн сонгуулиар нийслэлээс нэр дэвшсэн 20 гаруй гишүүн бүгдээрээ гарчих байсан биз. Иймээс миний туршлага, амьдралын замнал Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшихэд нэр нөлөө үзүүлсэн байх. Нөгөө талаар нийт Баянзүрх дүүргийн иргэд сайхнаар хүлээж авч дэмжсэн. Манай МАН-ын гишүүдийн зарим нь дэмжиж ажилласан. Нөгөөтэйгүүр АН, ИЗН, бие даагчид бүгдээрээ дэмжиж байлаа. Иргэдийн амьдралд өөрчлөлт хийхээр, эмэгтэй хүнийг дэмжсэн.
-Таныг АН-аас дэмжлэг авч сонгуульд орлцсон учраас намд нь элсэж байна гэсэн яриа байна л даа?
-Би 10 гаруй хоногийн өмнө УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлт тавьсан. “Би хүнд нөхцөлд сонгуульд оролцох нь. Нэг намын хоёр хүн нэр дэвшиж байна. Манай намын дүүргийн намын хорооны тэргүүлэгчид зөвхөн дүүргийнхээ даргыг дэмжинэ гэсэн тогтоол шийдвэр гаргалаа. Тэгэхээр намайг дэмжих боломжгүй учир би эмэгтэй хүнийхээ хувьд хийх ажил байна. Төрд зүтгэх хугацаа болоогүй байна. Тиймээс намайг эмэгтэй хүнийхээ хувьд дэмжиж ажиллаач ээ гэсэн санал тавьсан.Надтай хамт парламентад олон жил зүтгэсэн, эмэгтэй хүнийхээ хувьд үнэнч шударгаар явж ирсний чинь хувьд таныг дэмжинэ ээ гэж хэлсэн. Намайг ийм хүнд үед томоохон тойрогт ямар ч гар хөлгүй байх үед дэмжсэн учраас нэгэнт энэ сонголтыг хийх ёстой гэж бодсон. Сэтгэл зүрхээрээ энэ намд элсэхээр шийдсэн дээ.
-Таныг АН-д сайдын суудал амласан учраас ирж байна гэх яриа байна. Үүнд та тайлбар өгөхгүй юу?
-Би хамтарсан Засгийн газрыг битгий унаасай гэж бодож байгаа. МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвсэл, АН хамтарч ажиллаасай. “Шударга ёс” эвслийг засгаас гарахгүй байх талаар ажиллана. Би парламентад гурван удаа сонгогдож байхдаа нэг ч удаа албан тушаалын хойноос гүйж байгаагүй. Надтай хамт сонгогдож байсан эмэгтэй гишүүд зарим нь бүр хоёр удаа сайд болж байсан. Би сайд хийж чадахгүй дээ биш УИХ-ын гишүүн байна гэдгээрээ энэ олон жил улс төрд явж ирсэн. Би цаашдаа ч сайд болохгүй.
- Ярилцлага өгсөнд баярлалаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )