Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн сүүлийн томилгоо нь Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын суудал. Засаг барьж буй хоёр намаас энэ хариуцлагатай газарт чухам хэнийгээ тохоон томилох вэ гэдэг дээр удтал хэлэлцэж, энэ дагуу олон хүний нэр явж байсан. Тэгвэл энэхүү хариуцлагатай албан тушаалд МАХН-ын Говийн бүсийг хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэнг томилох нь нэгэнт тодорхой болсон байна.
Угаасаа хамтарсан Засгийн газрыг байгуулах үед “Шударга ёс” эвсэл болон Ардчилсан намын хоёр талаас үзэглэсэн гэрээ ёсоор бол МАХН-аас тус албан тушаалд хүнээ томилохоор тусгасан байна. “Шударга ёс” эвслийн тухайд өнгөрөгч сонгуульд төрд хяналтыг бий болгож, шударга ёсны төлөө тууштай тэмцэнэ гэж амлаж гарч ирсэн учраас МХЕГ хэмээх чухал байгууллагын даргад олны дундаас шигшиж байж хүнээ Ч.Чимидсүрэнг сонгосон нь гэж байна.
Ч.Чимидсүрэнгийн хувьд анхлан иргэний хөдөлгөөн гэж үүсэхэд тэмцлийн тэргүүн эгнээнд нь зүтгэж, ард иргэдийн дуу хоолой болж байсан нэгэн. Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө тууштай зүтгэж буй “Шударга ёс” эвслийг байгуулагдах цагаас нь эхлэн үзэл бодлоо гуйвуулалгүй өнөөг хүртэл зүтгэсэн нэгэн. Тиймээс ч тус байгууллагын даргад “Шударга ёс” эвслээс Ч.Чимидсүрэнг томилсон нь нүдээ олсон ядал гэж олон нийт харж байгаа аж. Харин сүүлийн өдрүүдэд “Оюуны ундараа” –гийн гэх С.Отгонбаяр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай үгсэн МХЕГ-ын даргын албан тушаалын төлөө амь тавихаас буцахгүй үхэн хатан тэмцэлдэж байгаа гэсэн яриа байна. С.Отгонбаярын хувьд “Оюуны ундраа”-гаар дамжуулан ноён суухаар зүтгээд байгаа МХЕГ-ынхаа эсрэг олон жилийн туршид ил, далдаар бизнесээ лоббидож өнөөг хүрсэн бизнесмэн гэгддэг. Үүнийг нотлох хэвлэлийн хуудас өнөөдөр ч шарлаж амжаагүй байна. Нэг үгээр бол бизнесээ хөгжүүлж хөлжих ашиг сонирхолынх нь ааг өнөөг хүртэл намдаагүй яваа эрхэм.
МХЕГ-ыг удирдлагаар хангаж ажиллах хүнд хуулийг дээдлэх, шударга ёсыг баритлах, ил тод, бодит байх, итгэл хүлээдэг байх, хариуцлагатай байх үндсэн зарчмыг голч болгох суурь шалгууртай. МХЕГ хэмээх нэр нөлөө бүхий, хариуцлагатай чухал газарт бизнесийн хүнийг даргаар томилолоо гэхэд “Оюуны ундаа”-гийн эзэнтэн ариухан байлаа ч ашиг сонирхолын зөрчил нь ажлыг ургашлуулахгүй нь ойлгомжтой гэж сураг нь гарах төдийд эсэргүүцэх хүн олон байна. Ийм илэрхий зүйл дээр улайран зүтгэж буй С.Отгонбаяр, хөхүүлэн дэмжиж суугаа Ерөнхий сайдтангууд маань шинэчлэл нэрийн доор шударга бус томилгоог тохиролцооны аргаар үүн шигээ хийх гээд зүтгэсээр байвал цаашаа жинхэнэ ухралт болж мэдэх юм.
А.НОМИН
Сэтгэгдэл ( 0 )