Өнөөдөр Төрийн ордноо Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны анхдугаар их хурал болж, сагсан бөмбөгийн спортыг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар үе үеийн тамирчид, багш дасгалжуулагчид болон холбооны гишүүд санал бодлоо солилцлоо.
Энэ онд Монголд сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжсөний 66 тохиож байгаа юм. Энэ ойн босгон дээр өнгөрөгч 2 дугаар сард Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэх төрийн бус байгууллагыг сагсан бөмбөгийн өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж буй зарим багийн эзэд, дасгалжуулагч, “TLG-13” ТББ-ынхан хамтран байгуулж байжээ. Тэгвэл өнөөдрийн их хурлаар тус холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг сонголоо.
Анхдугаар их хурлын үеэр оролцогчид Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагаа, цаашид зохион байгуулах арга хэмжээ, төлөвлөгөөний талаар танилцуулснаас гадна Монголын сагсан бөмбөгийн спортын ертөнцөд үүсээд буй ойлгомжгүй байдал, зөрчилдөөний талаар дурдсан. Тухайлбал, Аливаа тэмцээнд оролцогч багуудын ур чадварыг чанаржуулах , өсвөр үе залуучуудаа дэмжих, олон улсын чанартай тэмцээнүүдэд баг, тамирчдыг оролцуулах, эмэгтэй лигийн багийг байгуулах тал дээр илүүтэй анхаарч ажиллах цаг болсныг уг их хурлын үеэр онцолж байлаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )