Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 20

УИХ-ын чуулганы үдээс хойшхи /2012-12-20/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хэлэлцүүлгээр Төрийн байгуулалтын байнгын хорооноос хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт ажилласан УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа   хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд  шилжүүллээ.

            Үүний дараа Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан  гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Г.Уянга гишүүн асуултдаа, “МАН яагаад өнөөдрийг хүртэл бүлэггүй байна гэхээр өөрөө хуулиа зөрчсөн. МАН-д саналаа өгсөн иргэд сонгогчдыг хүндэтгээд бүлэгтэй болгомоор байгаа юм. Гэтэл МАН өөрөө эхлээд хуулиа зөрчиж, сонгогчидоо хүндэтгээгүй учраас энэ тохиолдолд ямар хариу өгөх вэ гэдгийг асууя. Мөн чуулганы нээлтэд УИХ дахь намын бүлэг бүр үг хэлэх асуудал хуулийн төсөлд аль хэр тусгагдсан бэ гэсэн асуулт асуулаа.

            Түүний асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хариулахдаа, “УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг гишүүд бид өөрсдөө баталсан. Төрийн эрх дээд байгууллагыг түшилцэж байгаа гишүүд  өөрсдөө хуулиа чандлан баримталж, хуульд заасан 24 цагийг баримтлах ёстой. Цаашид хаана хаанаа хуулиа барьж явах хэрэгтэй. Хариуцлага тооцох тодорхой зүйлгүй байна. Хуулийг ямар ч шатанд  цаг хугацаанд нь хэрэгжүүлэхгүй, дээдлэхгүй бол хууль нь эргээд хариуцлага тооцдог гэдгийг харуулж байна” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн С.Баярцогт ” Бүлэг болгон чуулганы нээлтэд үг хэлнэ гэдэг санаа хөндөгдөөгүй учраас энэ асуудалтай холбогдуулан санал гаргах боломжгүй. Харин энэ саналыг оруулах гэж байгаа бол тусад нь бие даасан хууль санаачилж оруулж ирэх боломж нь нээлттэй байгаа” гэсэн хариулт өгөв.

            Хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top