Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Казахстаны Элчин сайд О.К.Нурбаевыг хүлээн авч уулзав

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 20

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Казахстан Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Орман Каримович Нурбаевыг эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч Элчин сайдад Казахстан улсын тусгаар тогтнолын өдөр буюу үндэсний баярыг тохиолдуулан баяр хүргээд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой өнөө жил тохиосныг тэмдэглэв. Мөн тус улс ЕХРО-2017 олон улсын үзэсгэлэн зохион байгуулах болсонд баяр хүргэлээ. Төв Азийг цөмийн зэвсгээс ангид бүс болгох, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Казахстаны гаргаж буй хүч чармайлтыг Монгол Улс дэмжиж байна гэж Ерөнхийлөгч мэдэгдэв.
 
Түүнчлэн гурван жил хойшлогдож буй Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг ирэх жил хийж, хоёр орны худалдаа, эдийн засгийн асуудлыг ярилцана, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх олон улсын хэлэлцээрт Казахстан улс нэгдэн орно гэдэгт итгэж байгаагаа Ерөнхийлөгч илэрхийллээ.
 
Төгсгөлд нь “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд Казахстан улстай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа. Лондоны олимпийн нээлтийн үеэр Казахстаны Ерөнхийлөгч Н. Назарбаевтай уулзаж хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан. Эрдэнэтийн авлагатай холбоотой асуудлыг бид ойрын хугацаанд шийднэ гэж бодож байна” хэмээн Ерөнхийлөгч хэлээд Элчин сайдад цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Элчин сайд хэлэхдээ “Монголд таван жил ажиллалаа. Сайхан сэтгэгдэлтэй буцах гэж байна. Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны асуудалд цаашид ч санаа тавьж байх болно. Монголд эргэн ирж ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top