Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр амарна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Р.Бурмаа хийсэн юм.

Уг хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдийн санал авах өдрийг гурав хоног хүртэл байх; сонгууль зохион байгуулахад улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргах зардлыг тодруулан тусгах; нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээг хуулийн этгээдээс тавин сая төгрөгөөс илүүгүй байх; сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 50 хувь нь сонгуульд оролцоогүй бол ирц хүрээгүй тухайн хэсэгт нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах, уг нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож саналаа өгөх, сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцох зэрэг саналуудыг төсөлд тусгаж, зохих өөрчлөлтүүдийг оруулж, хуулийн төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийжээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг бүлэг нэг цагийн завсарлага авч байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтыг бүлгээрээ нягтлах, өөр зарим нэг хуулийн талаар ярилцах хэрэгтэй байгаа учир завсарлага авч байна гэж тэрбээр тайлбарласан юм.Бүлгийн завсарлага авах хугацаа дууссаны дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан олонхийн саналаар хуулийн төслүүдийг баталлаа.

Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх оны зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногийн ажлын өдөр зохион байгуулна. Ингэхдээ бүх нийтийн амралтын өдөр болгох гэнэ.


А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top