Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хүйтний эрч эрс чангарч, дийлэнх нь цасан дуулгаа нөмрөөд буй. Идэр ес эхэлж буй энэ мөчид шинэчлэлийн Засгийн газар шинэ тутам мөрдөж буй уламжлалаа дагаж бүтэн сайныг хөдөө орон нутагт ажиллаж өнгөрүүллээ. Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, түүнтэй хамт Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын дэд дарга Л.Цог, МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэн тэргүүтэй 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Булган, Орхон аймгуудад ажилаллаа. Шадар сайдаар ахлуулсан ажлын баг энэ сарын 23-ны үүрээр Булган аймгийн Дашинчилэн сумыг зорьж нийслэлээс хөдөлсөн нь нүдээ олсон үйл явдал гэж хэлж болно. Тус суманд биднийг Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, ОБГ-ын дарга Ууганбаяр, Дашинчилэн сумын Засаг дарга Луттөмөр, Баяннуур сумын Засаг дарга Алтаншагай нарын орон нутгийн удирдлагууд угтан авсан. Өнөө жил Орон нутгийн сонгууль өмнөхөөсөө оройтож болсон учраас аймаг, сумын удирдлагууд шинэ албаа аваад дөнгөж арав гаруйхан хонож байгаа аж. Тиймээс өвөлжилт хүндэрвэл арга туршлага дутах вий гэсэн битүүхэн болгоомжлол ч төрж амжив.
Хоёр суманд түргэн тусламжийн машин олгохоор болов
Булган аймгийн хэмжээнд нийтдээ 8000 гаруй өрхийн 2.5 сая толгой мал өвөлжих аж. Малын тарга хүч 96 хувьтай байгаа гэнэ. Нутаг дэвсгэрийнх нь хэмжээнд ойр ойрхон орсон цас битүү бүрхүүл үүсгэж өвөлжилт хүндэрсэн гэгдээд буй Баяннуур орчмоор цасны зузаан 24-30 см хүртэл зузаарчээ.Аймаг хөдөөгийн 16 сумтайгаас урд хэсгийн дөрөв, хойд хэсгийн дөрвөн сумын өвөлжилт нилээд хүндэрч мэдэхээр байгаа тухайн аймгийн Засаг дарга дурьдаж байв. Засгийн газрын зүгээс аль эрт найм, есдүгээр сараас эхлэн өвөлжилт хүндхэн байх тухай орон нутгуудад анхааруулж байсан ч тус аймгийн хэд хэдэн суманд хариуцлагагүйн зуд нүүрлэж өвлийн бэлтгэл 5-15 хувьтай байгаа хэцүүхэн мэдээ дуулдаж байв. Сүүлд аймгийн Засаг дарга захирамж гаргаж өвөлжилт хүндэрч болзошгүй дээрх сумдад бэлтгэн хүргүүлэхээр болсон байна. Ингэхдээ иргэдийн гар дээр байгаа өвс, тэжээлээс худалдан авах замаар шийдэж байгаа ажээ. Өвөлжилт хүндэрсэн сумдад нийтлэг асуудал байсан. Тухайлбал, бэлчээрийг бүрхэж тагтаршсан цаснаас үүдэн дөнгөж ес эхэлж байхад малын шилбэ халцарч доголох болжээ. Мөн жилийн жилд яригдаж байдаг бэлчээрийн даац хэтэрэх явдалч Булганчуудыг тойроогүй байна. Үүнд өөрийн мал сүргийн тоо өссөнөөс гадна, бусад аймгийн малчид отроор нүүн ирж байгаа бас нөлөөлж байгаа гэнэ. Нэгэнт цаг хатуурч өвөлжилт хүндрэх учраас шинэ тутам ажлаа аваад буй Засаг ноёдын нуруун дээр хүндхэн ачаа болж, Шадар сайдаас тусалж, дэмжих ямар арга зам байгаа талаар асууж байв. Нөгөө талаар хэдэн мал дагаж хөдөө хөхөрч, гадаа гандаж буй малчдын асуудал бидний очсон Дашинчилэн болон Баяннуур сумдад маш хүнд байдалд оржээ. Тус сумдын малчдад эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байсан түргэн тусламжийн машинууд цаашид ажиллах ямар ч боломжгүй болсон гэв. Жилдээ 30 гаруй мянган км явдаг, даруй ашиглагдаад олон жилийн нүүр үзсэн техникүүд өнөөдөр уулын мухарт байгаа өтөндөө үйлчилгээ үзүүлэхийн оронд өөрсдөө “сэхээ”-нд орчихоод паг суучихжээ. Сумын эмч нар иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийн тулд өдөрт нь хүний унаа тэрэг царайчилж аргалдаг бол шөнөдөө ямарч аргагүй болсон талаараа Шадар сайдад учирлаж байлаа. Ер нь хөдөөгийн аймгуудийн эрүүл мэндийн салбарт төсөвлөж буй төсөв мөнгө жил ирэх тусам танагдаж байгаа талаар Булган аймгийн Эрүүл мэнздин газрын дарга Нарантуяа ярьсан. Түүний хэлж байгаагаар төсвөө нэмэгдүүлж авахын тулд нотолгоонд суурилсан төсвийг бичиж ирүүлэхийг яамнаас шаарддаг гэнэ. Тэр дагуу 2013 оны төсвөө бичиж явуулсан ч урьд оныхтойгоо адил хэмжээнд батлагдан иржээ. Нөгөө талаар сумдын эмнэлгүүд эл мөнгөний гачаал ч балгаа тарьж одоогийн байдлаар зарим сумдын эмнэлгүүд ажилтнуудынхаа илүү цагийн мөнгийг өгөхгүй явсаар тэр нь даруй нэгээс хоёр сарын хугацаатай дүйхүүц болчихсон гэнэ. Ажилтанаа цалинтай амраах замаар асуудлыг шийдэх гэхээр хүн хүчний хүрэлцээ муугаас тэр боломж хаагдмал байдаг байна.
Иргэдийн зүгээс дээрх бэрхшээлийг Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэгт хандан тавьж байв. Үүний хариуд Шадар сайд Д.Тэрбишдагва, “Шинэчлэлийн Засгийн газар маш олон ажлыг хийсэн шиг хийж, шинэчилсэн үшиг шинэчилхээр цаг наргүй ажиллаж байна. Сүүлийн хорин жилийн тург та бид эрх чөлөө гэж ярьсаар бид дэлхийн хаана ч байхгүй эрх чөлөөтэй орон болж чадсаныг олон газрын жишгээс харахад тодорхой мэдрэгддэг. Гэтэл бид хариуцлага гэдэг зүйлийг орхигдуулсаар өнөөг хүрсэн байна. Тиймээс төрийн нэрийн өмнөөс ажил үүрэг гүйцэтгэж байгаа бол бид хаа хаанаа хариуцлагатай байх ёстой. Та бүхний тавьсан асуудлыг сонслоо. Бид ярилцаад эрэмбэдл оруулах нь чухал байна. Алийг нь сум, алийг нь аймаг, чухам юуг нь Засгийн газар, УИХ шийдэх вэ гэдгийгээ тогтоод ямар ч байсан бид бэрхшээлийг даван гарах ёстой. Бид өвөлжилт гээд малынхаа тухай ярьж байна. Гэтэл мал маллаж буй малчдын маань нөхцөл байдал үнэхээр хүнд байдалд байгаа юм байна. Тиймээс дээр дурдсан хоёр суманд эмнэлгийн түргэн тусламжийн машиныг даруйхан шийдэж өгнө. Харин малын тухайд энэ жил бид мах бэлтгэлийн ажилд 90 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нэгэнт өвөлжилтийн бэлтгэл ажил хангалттай бус, цаашид тодорхой хэмжээний эрсдэл гарахаар байгаа бол тийм сумдын Засаг дарга нар дотроо ярилцаад малд мах бэлтгэх чиглэлд ч анхаарлаа хандуулахад болохгүй зүйл үгүй” гэдгийг хэлэв.
“Хоёр Орхон”-ы асуудлаар ажлын хэсэг гаргахаар болов
Дашинчилэнгээс үд дундад ажлын хэсэг хөдөлж Булган аймгийн Орхон суманд хүрэлцэн ирэв. Тус сумын ЗДТГ-ын ажилтнуудтай уулзалт хийж, тэнд тулгамдаад буй асуудлын талаар санал солилцлоо. Орхон сумын нутгаар Мянганы замын нэгээхэн хэсэг дайрч өнгөрөх зураг төсөлтэй байдаг аж. Тиймээс Орхончууд тус сумын нутгаар дайрч өнгөрөх 100 гаруй км хатуу хучилттай замыг тавигдах байх гэж хүлээсээр байна. Зам дагаж хөгжил гэдэг хойно тэдний энэ хүлээлт Шадар сайд тэргүүтэй ажлын хэсгийнхэнд тавьж буй эхний асуудал байв. Нөгөө нэг чухал асуудал бол Булган аймгийн Орхон сумын нутагт Орхон аймгийн иргэд амьдарч байгаа явдал. Нутаг захиргааны хувьд өөр өөр харъяалалтай иргэд нэг гэр бүл болчихсон байдаг. Ямар нэг ажил хөөцөлдөх болоход эхнэр нь хэдэн хүүхдээ дагуулаад Орхон аймаг явчихдаг бол нөхөр нь хэдэн малаа хураагаад Булган руугаа явах ч энүүхэнд байдаг бололтой. Ийм нөхцөл байдал нь эргээд сум, орон нутгийн удирдлагууд иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд хүндрэл учруулсаар иржээ. Өдгөө Орхон аймгийн харъяат бүтэн багийн хэмжээний иргэд Булганы Орхон суманд амьдарч байгаа аж. Сүүлийн жилүүдэд амны уншлага болчихоод, анхаараад анхаараад дорвитой сэхэл авдаггүй байгаль орчны доройтлын талаарч Орхон сумынхан дурьдаж байсан. Харин талийгаачдыг ил задгай нутаглуулах байдал элбэг байгаа нь урьд хөдөөгийн сумдад сонсогдоогүй үзэгдэл байлаа. Мөн Мааньтын гэгддэг 439 дүгээр хорих ангий тус сумын Мааньт багийн нутаг дэвсгэрт оршдог. Тус баг малын бэлчээрээр угаас хомсын дээр хорих ангийн хамгаалалтын зурвасыг хоёр км байна гэж хуульчилсан нь өдгөө зөрчил дагуулах болжээ. Өмнөх сумдын нэгэн адил зовлон бас Орхон суманд байсан. Тэр нь аль 1968 онд баригдсан орчин үеийн стандарт битгий хэл, эрүүл ахуйн шаардлага хангахаа байчихаад байгаа эмнэлгийн барилга. Тиймээс тухайн эмнэлэгт их засварын ажлыг хийхийн оронд шинэ барилга барих нь зүйтэй гэж сумынхан үзээд зураг төслийг нь бэлэн болгосон ч одоо хэр нь дорвитой хариу ч ирээгүй, ирэх оны төсөвт ч суугаагүй юм байна. Тиймээс дээрх иргэдийн өдөр тутмын амьдралд төвөг удаж буй бэрхшээлүүдийг хэрхэн шийдэх талаар ажлын хэсгийнхэнээс асууж лавлав.
УИХ-ын дэд дарга Л.Цог өнгөрөгч УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшиж МАХН-аас ялалт байгуулсан нэгэн. Энэ утгаараа тэрээр Орхон сумынхны учирлаад буй Орхон аймгийн иргэдийн асуудлыг сайн мэдэж байлаа. Өмнө нь Орхон аймгийнхан ч “Бид нутаггүй” гэж гомдоллож байсныг тэрэээр дурдаад дахин тус нутаг дэвсгэр, нутаг захиргааны маргаантай байгааа газарт ажлын хэсэг томилж, судлуулахаа амлав. Шадар сайд Д.Тэрбишдагвын тухайд өмнө нь ХХАА-н сайд байхдаа Орхон сумынхантай ойр дотно ажилладаг байснаа онцолсон. Тэрээр хэлэхдээ, “Танай нутаг газар тариалан, МАА-г хослон хөгжүүлэх ирээдүйн гарцтай, хөгжил ойрхон сумдын нэг. Энэ утгаараа шинэчлэлийн Засгийн газраас барьж буй Жишиг сум болгон хөгжүүлэх бодлогод их ойр. Та бүхэн хичээж ажиллаарай. Хөгжилд хүрэхийн тулд хүн бүрийн хичээл зүтгэл маш чухал” гэдгийг онцлоод 100 гаруй км хатуу хучилттай замын талаар судалж үзээд албан ёсны хариу өгөхөө амлалаа. Ийнхүү Орхон голын хөвөөнд цомцойх Орхон сумаас бид хөдөлж Булган хотыг зорьлоо.
Ургашилж байгаа зүйлээсээ ухарч болохгүй
Булган хотноо ажлын хэсэг салж тус тусын харъяа байгууллагын ажил үйлстэй танилцав.
Сангийн сайд Ч.Улаан энэ удаад Булган аймгийн санхүү, төрийн сангийн нийт ажилтантай уулзалт хийв. Нийтдээ аймгийн төсөв мөнгөний нарийн зохицуулалтыг хийж байдаг 100 орчим санхүүч, нягтлангууд салбарын сайдтай хийх уулзалтад сум сумаасаа хүрэлцэн ирсэн байв. Сангийн сайдын хувьд санхүү, төсвийн хүрээний эрх зүйн орчин шинэчлэгдэж, энэ хэрээрээ төсвийн бодлого, үйл ажиллагаанд өөрчлөлт орж байгаа талаар орон нутгийнхандаа тайлбарлан таниулах зорилгыг гол болгохын зэрэгцээ зарим нэг Булган аймагт үүсээд буй санхүүгийн асуудалд газар дээр нь хариу өгөхийг эрмэлзэж байсан юм. Нэгдсэн төсвийн тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн албан ёсоор мөрдөгдөхөөр болж буй. Энэ хүрээнд олон жил төсвийн төвлөрөл бий болоод байна гэх шүүмжлэлд өртөөд байсан явдал цэгцэрч байгаа билээ. Нэг үгээр орон нутагт төсвийг захиран зарцуулах эрхийг өгч байгаа. Өгөхдөө урьдах жилүүдтэй харьцуулахад төсөв илүү нэмэгдэж байгаа нь орон нутагт бүр ч их хариуцлага ногдож байгаагийн илрэл. Тиймээс шинэ тутам сонгогдсон төсвийг ерөнхийлөн захирагч нартай уулзах энэ удаагийн уулзалт өндөр ач холбогдолтой. Сангийн сайд Ч.Улаан төсөв, санхүүгийн орчин хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар тэдэнд тайлбарлаж, цаашид ямар зарчмаар ажиллах талаар зааравчилгаа өгсөн. Иргэдийн зүгээс салбарын сайдад хаяглан тодруулахыг хүссэн өөр нэг асуудал нь өрийн тухай. Хуучин системийн үед үүсээд байсан 11 тэрбумс долларын их өрнөөс арай гэж салчихаад сая бонд нэрээр дахин их хэмжээний өр тавчихаж байгаа юм бишүү гэсэн болгоомжлол иргэдэд их байна. Үүнд сангийн сайд, “Бид өр гэж шуудл ойлгож болохгүй. Зээлсэн мөнгөө төлөлгүй хугацаа хэтрүүлбэл тэр өр болдог. Ер нь Монгол Улс 1990 оноос хойш 2.7 тэрбум долларын өрийг гадны улс орноос хөнгөлттэй зээл хэлбэрээр, урт хугацаанд төлөгдөх нөхцөлтэйгээр авсан байдаг. Бид ч авсан зээлээ барагдуулж, жилдээ 100-150 сая төгрөгийг төлж байна. Сая бонд хэлбэрээр хоёр тэрбусм долларын өр бий болсон. Нөгөө талаар төрийн оролцоогүй хувийн хэвшлийнхний гадны улсад тавьсан өр тав орчим тэрбум доллар байдаг. Ингээд харахаар нийтдээ Монгол Улсад 11 тэрбум долларын зээл бий. Үүнээс өр гэх ангилалд орох болчихсон мөнгөний тоо хоёр тэрбум. Энэ юунаас болж үүссэн гэхээр өнгөрсөн парламентын үед иргэгэд нэг сая төгрөг бэлнээр өгөхөөр амласан амлалтаас үүдэлтэй. Цааашид бид энэ мэт өрөнд орохгүйн тулд бэлэн зэлэн мөнгө тараах, амлахыг таслах зогсооно. Энэ мөнгөний үлдэгдэл 340 мянган төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар иргэддээ цагаан сараас өмнө өгөхөөр болоод байгаа. Шинэ он гарахаас өмнө аймаг аймгийн Халамж, үйлчилгээний хэлтсийн дансанд бид дээрх мөнгийг байршуулна. Иргэдийн гар дээр цагаан сараас өмнө очих учиртай. Харин сүүлд бонд босгож авсан мөнгийг бид зүгээр хадгалаад хүү төлж өрөнд орж байгаа юм огт байхгүй. Энэ мөнгийг хоёр чиглэлээр зарцуулахаар төлөвлөсөн. Эхнийх нь ашгаа хурдан өгөх төслүүдэд хүүг нь төлөх, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулалт хийнэ. Тухайлбал, Төмөр замын төсөл, Эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоход, Нефтийн бүтээгдэхүүн бий болгоход.Нөгөө нэг хэсэг нь мөнгөөр мөнгө босгох үйл явц юм” гэв.
Эл уулзалтай зэрэгцэн Шадар сайд өөрийн харъяанд байдаг байгууллагуудын ажил байдалтай танилцлаа. Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд зүргаан агентлаг байдаг. Булган аймгийн тухайд аймгийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Стандарт хэжил зүйн газрын үйл ажиллагаатай тус тус танилцав.
Тус аймгиЙН Онцгой байдлынхны тухайд ажил үйлс нь өөдрөг байна. Тэд өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан дээврийн хөндийгөө засварлаж, амралт, чөлөөт цагийн танхим болгон тохижуулсан байна. Энэ нь ч амжилт дагуулж ерөнхий газраасаа пургон автомашинаар шагнагдсан ч бэлэн мөнгийг нь авч өөр чиглэлд зарцуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэний дагуу 15 сая төгрөгөөр шагнуулжээ. Гол усны аюулын эсрэг 15 морины хүчтэй аврах завийг ашиглаж байсан бол сүүлд 30 морины хүчтэй аврах завийг шинээр авч техникийн боломжоо дээшлүүлсэн байна. Шадар сайд Д.Тэрбишдагва алба хаагчдад хандан онцгой байдлын сахилга хариуцлагыг сануулаад ерөнхий газрынхаа хэмжээнд ажил үйлс ахицтай яваа талаар хэлэв. Мөн сүүлийн үед бүхнийг онцгой байдлынханд хамаатуулж, ажлын чиг үүргийг нь ойлгомжгүй болгож, ачааллыг нэмэх зүйл байгааг дурдаад энэ нь нөгөө талаараа онгой байдлынханд иргэдийн зүгээс үзүүлж буй итгэл гэдгийг санууллаа. Цаашид хүнд хүчир нөхцөлд амь өрсөн ажилладаг Онцгой байлынхаа алба хаагчдын нийгмийн асуудалд гойд анхааран ажиллах талаар Шадар сайд хэлж байсан. Нөгөө талаар бусдыг ч авардаг бай, өөрийгөө ч эрсдэлгүй байлга гэдэг сануулгыг өглөө.
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтыг татан буулгана гэх Ерөнхий сайдын үг орон нутагт эмзэг туссан нь ажиглагдаж байв. Гол нь татан буулгах уу, байгаа зүйлдээ ахиц гарган шинэ шатанд аваачих уу гэдэг нь чухал болохоос татан буулгах тухай ярих нь өөрөө буруу юм гэдгийг тухайн хяналтын хариуцлагатай албыг гардан гүйцэтгэж байгаа ажилтнуудаас илт байсан. Ямартай ч Булган аймгийн МХГ-ын тухайд “Хамаатан садны байгууллага” гэх хатуу шүүмжлэл чих дэлссэн ч, байрлаж буй байрандаа их засвар хийгээд зав муутайхан байлаа, тус байгууллагынхан. Энэ удаад Шадар сайдыг дагалдан МХЕГ-ын даргад баттай хэмээн нэр нь яригдаад буй МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Чимидсүрэн тус аймгийн МХГ-ынхантай уулзаж санал бодлоо солилцож харагдсан. Түүний тухайд Булганчуудад “Тэмцэгч” гэдгээрээ танигдсан нэгэн юм билээ. Тиймээс ч тэмцэгч даргатай болох нь гэсэн яриа Булганчуудын дунд тархаж, тиэр чинээгээрээ таатай хүлээж авч байгаа харагдсан. МХГ-ын тухайд хяналт шалгалтын ажлаа тааруу хийж байна гэх шүүмжлэлд их өртдөг. Үнэн хэрэг дээрээ шалгуулаад илэрсэн зөрчлөөсөө үүдэн торгуулчихсан олон хүн яаж ч ам сайтай байх билээ гэдгийг Шадар сайд дурдаад, энэ бол та бүхний ажлын онцлог учраас эмзэглэхгүй байхыг сануулсан. Харин МХГ-ыг татан буулгахгүй гэдгийг Шадар сайд яриандаа чухалчилаад, цаашид улам боловсронгуй болгох тал дээр анхаарахаа илэрхийлэв. Шадар сайдын хэлж буйгаар цаашид Санхүүгийн хяналтыг харъяа яаманд нь шилжүүлэх нь зөв гэнэ. Энэ мэт бүтцийг улам боловсронгуй болгох ажил тус газарт хэрэгтэйг тэрээр хэллээ. Монгол Улсын хувьд дэлхий нийтийн хандлага болоод буй хяналтыг төвлөрүүлж, тусад нь газар байлгах чиглэлд анхлан дэвшил гаргасан байна. Тиймээс ургашилж байгаа зүйлээсээ ухарч болохгүй гэдгийг сайд онцоллоо.
Монголчууд бид булган сүүлтэй гэж ярьдаг нь зүгээр ч нэг хэрэг биш байх. Булган аймгийг Монголын анхдагчдын өлгий нутаг гэгддэг. Үнэхээр ч тус аймгаас салбар салбарт 40 гаруй анхдагчид төрөн гарсан байх юм. Тэр түүхэн жимээр өнөөдөр олон арван алдартнууд Монгол Улсын өнцөг булан бүрээс төрөн гарч эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсаар байгаа. Айргаараа алдартай Булган нутаг ирээдүйд аялал жуулчлалаараа ч алдартай болох бүрэн боломжтой. Гэхдээ цагийн хатууг шүд зуун давах нь давын өмнө маш чухал. Хатуу цагийн халуун уулзат Булган нутгаар ингэж эхлээд бас өндөрлөлөө. Шадар сайд Л.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг Булган аймгаас хөдөлж Орхон аймаг, тэр дундаа найрадлын бэлгэдэл болсон Эрдэнэт хотыг зорьлоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )