АН-ын бүлэг сайн ажилласан гэдгээ мэдэгдэв

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 24

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаа хийж, мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар 2012 оны чуулганаар хэлэлцсэн асуудал, бүлгийн үйл ажиллагааныхаа тайланг дүгнэжээ. Ардчилсан намын бүлэг өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд сайн ажилласан хэмээн дүгнэсэн байна. Тодруулбал: Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 186 хууль, тогтоолыг баталж чадсан. Энэ бол чамлахааргүй амжилт. 2013 он бидний хувьд их ажлын жил. Үүнийгээ зөв ашиглаж, үр дүнг нь харах ёстой. Нөгөөтэйгүүр хоорондоо хоосон улс төржихөөс илүүтэй бодлого, оюунаараа өрсөлддөг ийм он жилүүд хүлээж байгаа гэдэгт хүн болгон итгэх хэрэгтэй. УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуулийг баталсан явдал нь хамгийн чухал алхмын нэг.
Улс төрийнхөө хувьд МАН бүлэгтэй болсон явдалд баяр хүргэх ёстой. Энэ бол улс төрийн энгийн соёл. Тэгэхээр үүнийг УИХ дахь олонхи, цөөнхийн хооронд бодлогын уралдаан ирээдүйд болно гэж ойлгож, харж байна. Бид замбараагүй улс төрийг орхих ёстой. Төрөө түвшин, ард олноо амгалан байлгахад улс төрийн намууд бодлогоороо уралддаг энэ чиглэл рүү маш түлхүү явах хэрэгтэй” гэдгийг бүлгийн дарга мэдээлэв.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн шинэтгэлийн тухай, Шүүгчдийн орон тоог батлах тухай багц хуулийн төсөл аж. Уг хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийсэн бөгөөд төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэн баталтал цаг хугацаа шаардана. Тиймээс Ерөнхийлөгчөөс санаачлан УИХ-аас баталсан лиценз олголтыг түр зогсоох тухай хуулийн хэрэгжих хугацааг дахин сунгах ёстой гэсэн зарчмын байр суурь энэ өдрийн хуралдаанд оролцсон бүлгийн гишүүд гаргажээ. Учир нь дээрх хуулийн хэрэгжих хугацаа 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болох гэж байгаа тул шинэ оноос урьтаж дээрх хугацааг сунгах зарчмын шийдэлд хүрчээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top