Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хуулийн хугацааг сунгана

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 24

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл  шинээр олгохыг хориглох  тухай хуульд өөрчлөлт оруулах  хуулийн төслийг МУ-ын Ерөнхийлөгчийн Хуулийн  бодлогын ахлах зөвлөх Ч.Өнөрбаяр  УИХ-ын даргад өнөөдөр /2012.12.24/ өргөн барилаа.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохын хориглосон хууль одоогоор үйлчилж байгаа ч энэ сарын 31-ний өдрөөс хуулийн хугацаа дуусгавар болно. Тиймээс МУ-ын  Ерөнхийлөгийн зүгээс тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хуулийг үргэлжлүүлэх санал гаргаж байгаа юм.

        Манай улсад 2010 оны дөрөвдүгээр сарын байдлаар  478 мянган га талбай бүхий 1096 ашиглалтын, 38,9 мянган га талбай бүхий 3659 хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон нь улсын нийт нутаг дэвсгэрийн 24,5 хувийг эзэлж байгаа юм.  Тухайлбал, Дорноговь  аймагт 491 тусгай зөвшөөрлөөр нийт 5 сая гаруй га газар олгогдсон нь аймгийн нийт нутгийн 50 орчим хувь, Өмнөговь аймагт 459 тусгай зөвшөөрлөөр 7,5 сая га газар олгогдсон нь тухайн аймгийн газар нутгийн 45 орчим хувийг эзэлж байна. Нийт олгогдсон тусгай зөвшөөрлийн 10 гаруй хувийг БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна.  Тодруулбал хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 165 компани 322 тусгай зөвшөөрөлд хамрагдах 2,1 сая га газар, хамтарсан компанийн хэлбэрээр 74 аж ахуйн нэгж 123 тусгай зөвшөөрлөөр 700-гаад мянган га газрыг эзэмшдэг байна.

        Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу геологи, уул уурхайн салбарт мөрдөгдөж байгуу хууль, дүрэм, журам, заавруудыг цэгцлэх ажил хийгдэж байгаа юм . Түүнчлэн “Ашигт малтмалын тухай” хуулийг шинэчлэн боловсруулж дуусгах, батлах, түүнийг дагаж мөрдөх хүртэл тодорхой хугацаа шаардагдахаар байгаа тул “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай” хуулийн хугацааг сунгах, нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглох шаардлагатай болсон байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top