Д.Батцогт: АН-тай нэгдэнэ нийлнэ гэдгээр одоогоор ярих ямар ч боломж байхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 26

УИХ-ын гишүүн Д.Батцогт аливаа асуудалд өөрийн байр сууриа шулуухан илэрхийлдэг нэгэн. Ингээд түүнээс цаг үеийн асуудлаар цөөн зүйл тодруулснаа хүргэе.

-МАХН-ынхан засгаас гарна гэж хэсэг бужигнаад одоо чимээгүй болчихлоо?

-Тухайн үед МАХН-ын гүйцэтгэх товчоо хуралдаад засгаас гарна гэдэг шийдвэр гаргасан юм билээ. Үүнийг бидний зүгээс алдаа гаргалаа гэж үзсэн. Тэр алдаагаа засах боломж нь өөрсдөд нь байгаа гэж тухайн үед хэлсэн шүү дээ. Энэ дагуу МАХН-ын гүйцэтгэх хороо дахин хуралдаж, засгаас гарахгүй байх  шийдвэр гаргасан байна билээ.

-МАХН засгаас гарна гэдгээс үүдэн МАХН-ын гурван сайдыг шахаж гаргах санаархал зухалзаж эхэлсэн гэх хардлага явж байна. Тухайлбал, Ж.Батзандан гишүүн Д.Тэрбишдагва сайдыг огцрох хэрэгтэй гэж мэдэгдсэн шүү дээ?

-Ж.Батзандан гишүүн Д.Тэрбишдагва сайдыг огцор гэж хэвлэлийн бага хурал хийснийг сонссон. Энэ бол тухайн хувь хүний эрхийн асуудал шүү дээ. Ямар ч гишүүн сайдыг ажлаа муу хийсэн гэж үзвэл ажлаасаа огцор гэж хэлэх эрхтэй шүү дээ. Огцоруулах уу, үгүй юу гэдгийг УИХ шийднэ. Ийм асуудал тавих нь Ж.Батзандан гишүүний эрхийн асуудал. Түүнээс биш зохион байгуулалттайгаар МАХН-ын гурван сайдыг шахаж гаргая гэсэн бодлого байхгүй байх.

- МАХН, МҮАН-ын хоорондын харилцаа ямар байгаа вэ?

-Би нэг л зүйлийг ярьдаг. Сонгуулийн үр дүнгээр ямар нэгэн асуудлыг ярих ёстой юм. Өнөөдөр эргээд харахад МАН гурван сайд авчихсан. МҮАН нэг сайдын суудалтай байна. Бид нар энэ суудлыг голж байгаадаа асуудлын гол нь байгаа юм биш. Ер нь аливаа асуудалд шударга л байх ёстой. Хоорондоо ярилцдаг, зөвлөлддөг байх ёстой. Өөрөөр хэлбэл, засгаас гарна гэж шийдвэр гаргахдаа хүртэл МҮАН-тайгаа зөвлөлдөхгүй, дангаараа шийдвэр гаргаж байна. Энэ бол биднийг үл хүндэтгэж байгаа хэрэг. Дээрээс нь томилгооноос эхлээд бүх зүйлд давуу эрх эдэлж байна. Агентлагийн дарга, дэд дарга нарыг томилохдоо хүртэл МҮАН-тай ярьж, зөвшилцөж байгаа зүйл байхгүй. Иймэрхүү л нэг дураараа дургисан хүмүүс байгаа шүү дээ. Тэглээ гээд МҮАН-ын гишүүд тэд нартай муудалцаад хэрэлдээд байгаа зүйл байхгүй. Би анхнаасаа л ярьж байсан. МҮАН бол зохих ёсоор улс төрд олон жил зүтгэсэн, олон бэрхшээлийг туулсан, хат суусан улс төрчид гэж бодож байгаа. Яг энэ утгаараа асуудалд маш тэвчээртэй хүлцэнгүй хандаж байгаа. Ер нь манай МАХН-ын нөхдүүдийн зүгээс гаргаж байгаа ааш авир хэтэрсэн. Нуугаад яахав. Гэхдээ бид үүнээс болж эвслийг эрсдэлд оруулах, бүлгээ тараах, Засгийн газраас огцруулах асуудлаар хэзээ ч явахгүй ээ, гэдгээ хэлчихсэн. Энэ үгэндээ бол хатуу хүрнэ. Зүгээр сайн муугаа ярих нь зөв гэдэг үүднээс үүнийг хэлж байгаа юм.

-МАН-ын бүлэг албажлаа. Таны байр суурь?

-МАН-ыг бүлэгтэй болгохыг би эхнээс нь дэмжсэн. Ард түмний 30 гаруй хувийг авчихсан, парламентад нэлээдгүй суудал авсан нам бүлэгтэй байх ёстой. Ард түмний сонголтыг хүндэтгэх хэрэгтэй гэдгийг анхнаасаа хэлж байсан. Энэ дагуу МАН бүлэгтэй боллоо. Үүнд сэтгэл хангалуун байгаа. МАН бүлэгтэй болсноороо гишүүд нь байнгын хороонд ажиллаж үгээ хэлэх боломжтой болно. Дэд даргаа томилох бололцоо нээгдэнэ. УИХ сонгодог утгаараа ажиллах боломж олдоно гэж бодож байна.

-МАХН, МАН-тай нэгдэнэ гэх бор шувуу нисээд эхэлчихсэн. Хэрэв ийм зүйл болбол МҮАН, АН-тай нэгдэх үү?

-МҮАН бол өөрийн гэсэн үзэл баримтлалтай нам. Энэ намыг АН-ын нэг хэсэг гэж яавч ойлгож болохгүй. Бид өөрийнхөө итгэл үнэмшлээр улс төрийн нам байгуулаад одоо тодорхой хэмжээний амжилтанд хүрчихээд явж байна. АН-тай нэгдэнэ нийлнэ гэдгээр одоогоор ярих ямар ч боломж байхгүй. Ер нь бол МҮАН нам чигээрээ үзэл бодолдоо үнэнч явах болов уу, гэсэн миний дотоод үзэл баримтлал байна. МАХН, МАН нэгдэх үү, үгүй юу гэдэг бол тухайн намуудын л асуудал. Бид эвслээ тараая,  МАН-тай нэгдлээ гээд яваад өгвөл одоо яах вэ дээ. Ямар барьж хүлэлтэй биш. Яг одоогоор ийм үйлдэл, үйл хөдлөл гараагүй учраас би тодорхой зүйл хэлж чадахгүй байна.

- Тодруулга өгсөн таньд баярлалаа

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top