УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
- МАН-аас байнгын хорооны гишүүдийг тоог нэмэхээс гадна, нэг гишүүний харъяалагдах байнгын хорооны тоог цөөлнө гэж хуулийн төсөл санаачлах гэж байна. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
- Монгол улсын Үндсэн хуулинд парламент байгуулагдсан даруй УИХ-ын анхдугаар чуулганыг зарлан хуралдуулдаг. Өөрөөр хэлбэл хэлэлцэх асуудал нь тодорхой байдаг. Уг нь бид нар Үндсэн хуулиа аль болох мөрдөж ажиллах ёстой юм. Анхдугаар чуулган дээр УИХ-ын дарга, байнгын хорооны гишүүд болон даргыг нь сонгоод, Засгийн газраа батлаад явдаг. Харин дараагаар нь ээлжит болон ээлжит бус чуулганаа хуралдуулах ёстой. Тэгтэл анхдугаар чуулганы утга алдуулах гэж байгаа юм шиг, хойноос нь хүрч ирээд юмыг нь засах гэж байгаа юм шиг ингэж хууль засна гэдэг үнэхээр утгагүй л дээ. Буруу. Тэгвэл анхдугаар чуулганы үед юу хийж байсан юм. Ардын намын бүлэг байгуулах хуулийн төсөл бариад орж ирэхэд би чуулганы үеэр хууль буцаан хэрэглэгдэггүй юм гэж хэлж байсан ш дээ. Тэгэхэд гишүүдээс энэ хууль буцаан хэрэглэж байгаа хэрэг бишээ. Харин хууль батлангуут анх удаа бүлгээ батлуулж байгаа юм. Анхдугаар чуулганы үед батлагдсан биш, дундаас нь байгуулагдсан бүлэг гэж байгаа юм. Тэгэхээр МАН одоо л улс төрд орж ирж байгаа юм шиг улс төр хийж байгаа юм. МАН ингэх хэрэггүй л дээ. Яагаад гэхээр Монголын төр өнөөдөр зургаа дахь парламентаа байгуулж, гишүүд тангараг өргөлөө. Тангараг өргөнө гэдэг нь эс үйлдлээрээ УИХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг байхгүй юу. Тэр утгаараа тодорхой санал хэлж болно.
Ер нь энэ парламентад нэг жишиг тогтоомоор байгаа юм. Ямар үед хуулийг шинээр батлах эсвэл нэмэлт өөрчлөлт оруулах ёстой вэ гэдгийг тогтчихмоор байгаа юм. УИХ-д чинь судалгааны төв гэж байгаа ш дээ. Тэр судалгааны төвөөс нь үүн дээр дүгнэлт өгч байхгүй бол өмнөх хууль болохгүй гээд сольдог тэрийг нь өөр хүн гарч ирээд л болохгүй гээд сольдог. Солиод л байдаг энэ нь өөрөө төрд итгэх итгэл гэж байхгүй, Монголын хууль гурав хоног гэдэг ийм л асуудал үүсгэж байгаа юм.
УИХ-ын гишүүн, сайд, Ерөнхийлөгч гээд хууль санаачлах эрх хүн бүрт байж болно. Гэхдээ бид төрд ажиллаж байгаа гэдэг утгаараа нэг жишиг тогтоочихмоор байгаа юм. Тэр утгаараа өнөөдөр анхдугаар чуулган болсон уу? Болсон, хэлэлцэх асуудлуудаа хэлэлцсэн үү? Хэлэлцсэн. Одоо энийг өөрчлөх гээд байгаа хүсэл нь юу юм? Бас л онол ярьж таарна ш дээ.
- Сайд нар байнгын хороонд харъяалагдаад байгаа шүү дээ. Уг нь давхардахаас эхлээд олон асуудал баймаар?
- Энэ чинь өөрөө Үндсэн хуулийн алдаа байхгүй юу. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулсны гай гарч байгаа юм. Уг нь Үндсэн хуулиндаа УИХ гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хийхгүй гээд тусгаад өгчих ёстой байсан. Гэтэл тусгаагүй болохоор энэ гажуудал үүсчихээд байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг хөл нь яаман дээр, нөгөө хөл нь УИХ дээр тэгээд хоёр сандал дээр сандайлж суучихаад байна гэж ярьсан ш дээ. Яг тийм байдал өнөөдөр үүсээд байна. Хүн өнөөдөр өөрийнхөө эсрэг кноп дарж болохгүй болчихоод байна ш дээ. Уг нь УИХ гэдэг бол хууль тогтоох дээд байгууллага бөгөөд Засгийн газраа хянах ёстой. Гэтэл та нар өнөөдөр энэ төрийн албан хаагчийн нэгдсэн эмнэлэгийн асуудлыг л хар л даа. УИХ төсөв батлахдаа хуулийн дагуу л оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл зураг төсөл, төлөвлөгөөг боловсоруулаад зайлшгүй юм байна гээд оруулж ирж байгаа. Тэрийг нь нэг нөхөр гарч ирээд л энэ хамаагүй гээд шууд өөрчилдөг энэ жишиг буруу. Тэр хүн нь өөрөө УИХ гишүүн. Тэгэхээр Засгийн газрын гишүүн нь өөөрөө УИХ-ын гишүүн болохоор өөрөө өөрийгөө шүүмжлэх нь асуудалтай байгаа байхгүй юу. Ийм л утагагүй байдал үүсчихээд байна.
- Харин ийм болоод МАН-аас хууль санаачилж байгаа нь сайшаалтай хэрэг юм биш үү?
- Арчаагүй л хэрэг ш дээ. Жишээ нь би өөрийнхөө харъяалагдаггүй Эдийн засгийн болон бусад байнгын хорооны хуралдаанд суудаг. Яагаад гэвэл миний үүрэг бол хууль санаачилж байгаа тэр байнгын хороонд үгээ хэлж, хуулинд саналаа оруулах нь миний үндсэн ажил. Гэтэл өөрсдөө засаг руу орчихоод би ажлаа хийж чадахгүй байна гэж ярьдагаа ард түмэндээ юу гэж ойлгуулах юм бэ? Ерөөсөө УИХ бол хууль тогтоох буюу, гаргасан хуулиа хянана гэж байгаа. Харин Засгийн газар гэдэг бол гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж, УИХ-д ажлаа тайлагнана.
- УИХ-ын гишүүн болоод намаа сольдог явдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
- Өнөөдөр Монгол улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16-р зүйлийн аравт, улс төрийн нам, эвсэлд эвлэлдэн нэгдснийх нь төлөө тухайн хүнийг гишүүн болсных нь хувьд ялгаварлахгүй байх ёстой гэж заасан байгаа. Өнөөдөр Монгол улс олон намын тогтолцоотой орон. Энэ бол ардчилалын амин сүнс. Хүн өөрийн үзэл бодолтой байж болно. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг энэ ардчилал олгосон юм.
- Гэхдээ сонгогчдын сонголтыг үл хүндэтгэсэн хэрэг юм биш үү?
- Энэ бол ёс зүйн асуудал байхгүй юу.
- Тэгээд ёс зүйгээ хуульчлах юм уу? Журам гарган ёс зүйг баримтлуулах юм уу?
- Ёс зүйг хуульчилж болохгүй ш дээ. Ёс зүйг журамлах тухай байдаг. Бүх ёс зүйг хуульчлахад хэцүү. Яагаад гэвэл тэр хүний дотоод бодлыг л хуульчлах тухай бид нар яриад байна ш дээ. Хүний юу бодож байгааг хэн ч мэдэхгүй. Тийм учраас хүмүүс сонголтоо хийхдээ сайн бодож, сонгох ёстой. Симба Батаагаас эхлээд олон хүн намаа сольж байсан. Тэгэхээр хуульчлах нь буруу. Ер нь ямар нэг хууль батлагдлаа гэхэд хугацаа нь мөрдөгдөхгүй. Тэгээд ч аливаа хууль санаачлаад энэ парламентын гишүүдэд шууд мөрдүүлнэ гэхэд хэцүү.
- Яагаад?
- Хууль буцаан хэрэглэгдэх нь өөрөө асуудалтай. Нөгөө талаас Үндсэн хуулиа харах хэрэгтэй. Бид ардчилалаар 20 жил, 300 жил амьдарч болно. Гэхдээ гуравхан өдрийн дотор тэр арчдилалыг хүчингүй болгож болдог. Тийм учраас хүн бүр ардчилалыг хамгаалахын төлөө явах ёстой. Тэр утгаараа ийм хууль батлагдах нь ээ, яана, ийнээ гэсэн зүйл алга. Харин Үндсэн хуультайгаа нийцэж байгаа эсэх, өнөөдөр саяны асуудлыг хуульчилна гэдэг чинь Монгол ардчилалгүй болж байгаагийн нэг жишээ байхгүй юу.
- УИХ-д суудалтай намын төлөөлөлын суудлын тоо ойролцоо байлаа гэж бодье. Тэгвэл Засгийн эрх авахын төлөө намын гишүүнийг ямар нэгэн аргаар “худалдан авах” нь тэгвэл буруу тогтолцоо биз дээ?
- Нам нь гишүүнээ бусдад алдаж байгаа бол утгагүй ш дээ.
- Сонгогчдын сонголтыг үл хүндэтгэсэн, ёс зүйгүй үйлдэл юм биш үү?
- Уг нь энэ асуудалд Монгол улсын Үндсэн хуулийг барих ёстой байхгүй юу. Одоо аль ч нам засаг дангаараа барих боломжгүй байхгүй юу.
- Эвсээд....
- Эвслийн гэрээ задрах юм бол энэ засаг автоматаар унана. АН-ынхан парламент дахь ирцээ л бүрдүүлэх гэж яваад байгаа болохоос биш засаг барихдаа гол нь биш. Ирцийн олонхийг бүрдүүлэх гэж байгаа болохоос Засгийг дангаараа барих гэж улайрч байна гэж би харахгүй байна.
- Гадуур нэг шуум гараад байгаа.
- За
- Эвслийн 11 дэх гишүүнээр Ц.Оюунбаатар тангараг өргөнө. Үүний дараагаар АН-д гишүүнээр элсэнэ гэсэн.
- Ц.Оюунбаатар АН орно гэж хэн хэлсэн юм? Би бол мэдэхгүй байна. Би Ц.Оюунбаатарын өмнөөс хариулж болохгүй ш дээ.
- Олны үг ортой доо...
- Д.Арвин, Ц.Оюунбаатар хоёр ялгаатай, өөр хүн. Ц.Оюунбаатарыг УИХ-ын гишүүн болно гэдэгт би эсрэг байр суурьтай байгаа. Яагаад гэвэл би хуулиа барьж байгаа.
-Д.Арвин гишүүн намаа өөрчилсөн нь ёс суртахуунтай нь холбоотой алхам байсан гэсэн үг үү?
-Яахав, тэр хүний хувийн асуудал. Ёс суртахуунгүй гэж бодохгүй байна. Тэр хүнд бол улстөр чухал юм уу, эсхүл өөрийнх нь хувийн сонголт нь чухал юм уу. МАН-д хүн байхын аргагүй байна шүү дээ, Ардын нам гэдэг чинь М.Энхболд юм уу, Ардын нам гэдэг чинь Ц.Нямдорж юм уу, Ардын нам гэдэг чинь Д.Лүндээжанцан юм уу. Ардын нам чинь 190 мянган гишүүнтэй байсан, 80 хувь нь “Нэрээ сольж болохгүй” гэсэн. Намын дарга байсан хүнийг нь шоронд хийчихсэнд одоо Ардын намд байгаа гишүүдийн ихэнх хэсэг нь харамсч л байгаа, маш их санаа зовж л байгаа. Харин дээгүүр байгаа хүмүүс нь бүлэг яриад сууж байгаа байхгүй юу. Жишээлбэл, та нар бодоод үз дээ. Эхнэр, нөхөр хоёр байлаа ч гэсэн нөхөр нь хэцүүдэхэд эхнэр нь анхаарал тавьдаг. Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлж байгаа энэ аймаар хүчирхийллийг хараад Ардын намынхан дув дуугүй байна. Гэтэл М.Энхболд гэдэг хүн УИХ-ын дэд дарга болох гээд явж байна, бид бол маш олон зүйлийг мэднэ. Ардын нам бол өнөөдөр албан тушаал гэдэг үгнээсээ болж ард түмнээр алгадуулчихсан нам. Өрөвдөхөөр улам өшиглөөд байдаг. Тийм учраас Ардын намд гишүүд байх орон зай улам л багасч байгаа.
-Н.Энхбаярыг нэгдсэн II эмнэлгээс Зайсан дахь хорих 401 дүгээр ангид шилжүүлсэнээс хойш та уулзсан уу? Бие нь ямар байгаа бол?
- Бие бол төвөгтэй ш дээ, би утсаар холбогдсон. Зайсан дахь хорих 401 дүгээр анги руу авч явсан нэг юманд би их гайхаж байгаа. Энэ хүн эмнэлэгт байсан уу байсан, эрүүл мэнд нь ямар байна вэ, яг яаж өвдсөн юм бэ? Хуучин Баянзүрх дүүргийн Цагдаагийн дарга байсан хүн, н.Ядамдорж. Албадан эмчилгээ хийх шийдвэрийг өнгөрсөн хавар Баянзүрх дүүргийн Засаг дарга гаргахад н.Ядамдорж хэрэгжүүлэх гэж байсан хүн шүү дээ. Түүнд бичиг өгсөн юм билээ өмгөөлөгч нь. Улсын дээд шүүхээс бичиг гарсны дараа л эрүүл мэндийн асуудлыг нь ярих бололцоотой гэсэн. УДШ-ээс бичиг гарангуут л SWAT-ынхан очиж Н.Энхбаяр даргыг аваад явчихлаа. SWAT гэж юу болохыг хүүхдүүд хүртэл мэднэ. Киноноос харсан, Тэр бол терроризмтой тэмцдэг байгууллага. Монголд SWAT -ыг байгуулчихсан юм байна гэж би саяын үйл явдлыг хараад бодсон. МУ-ын Үндсэн хуулийг хүнлэг, энэрэнгүй, ардчилсан байя гэсэн утгаар бичсэн. Хүмүүнлэг ёсоо бодох юм бол эмч тэр хүнийг эмчилж байна, энэрэнгүй ёсоо бодох юм бол эмчээс нь өвчтөнийг булаагаад авч явж болохгүй. Ядаж эмчээс нь асуугаад авч явах ёстой, “Энэ хүнийг авч явж болох уу, болох бол эмчилгээ нь дууссан уу. Одоо шилжүүлнэ, энэ шатанд эмчилгээ нь тасалдах уу” гэж асуух ёстой. Зөвлөлдөх хэрэгтэй, тэгээд авч явах ёстой. Тэгсэн атлаа одоо хоёрдугаар эмнэлгийн эмч нарыг “Хүрч ирээд энэ хүнд эмчилгээ хийгээч ээ” гэж гуйгаад байгаа юм билээ. Нэгдсэн II эмнэлгийн эмч нар “Та нар нэгэнтээ аваад явсан шүү дээ” гэж хэлж байгаа. “Сэрэлт” кинон дээр гардаг шиг “Мам” нь аваад явчихсан байхгүй юу. Ийм л байдалд орчихоод байна даа.
-Шилжүүлэх үйл ажиллагаа хэний шийдвэрээр явагдсан юм бол?
-Өмнө нь манай намынхан Ц.Нямдоржийн даалгавраар 600 цагдаа авч явсан гэж ярьдаг байсан. Гэтэл Ц.Нямдорж нь сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдчихсөн байхад л дахиад хүчирхийлэл үйлдэгдлээ. Хүчирхийллийг манай намынхан л өөрсдөө хийчихээд байна л даа, шууд утгаараа бол. Их л сонин юм болоод байна.
- Өөрөөр хэлбэл?
-Ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан засаглалтай. Тэр засаглалд нь манай нам нэгдчихсэн байдаг. Тэр утгаар нь л хэлээд байна.
-Эмнэлгээс хорих анги руу шилжүүлэх чиг үүрэг, тушаал шийдвэрийг хэн гаргадаг юм бэ. Эрүүл мэндийн сайдтай ямар ч хамааралгүйгээр тэр ажиллагаа явсан болж ойлгогдоод байгаа?
-Уг нь Эрүүл мэндийн сайдаас хамаараад байх ч асуудал биш л дээ. Ардчиллын үнэт зүйл бол хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байхын тулд эхлээд энэрэнгүй байлга тэгээд хүмүүнлэг байна уу гэдгээ шалга гэдэг. Гэтэл одоо шударга бус ажиллагаа л явагдаад байна шүү дээ.
-Н.Энхбаярыг Зайсангийн хорих ангид бие хамгаалагчийнх нь хамтаар хорьж байгаа юу?
-Илэн далангүй хэлэхэд бие хамгаалагч нь цуг хоригдож байгаа бол буруу шүү дээ.
-Та энэ талаар мэдэхгүй байгаа гэсэн үг үү?
-Би бол ерөөсөө уулзаагүй байна л даа. Тэгээд ч “Бие хамгаалагч тань байгаа юу? үгүй юу?” гэж асуусангүй. Яагаад гэвэл хүний эрүүл мэнд аюултай байхад тийм зүйл асуух хэцүү шүү дээ. Монголчуудын нэг үг бий, ядарсан нэгнийхээ араас муу үг бүү хэл, цуцсан мориныхоо толгойг ташуураар бүү ороолго гэж. Гэтэл өнөөдөр Н.Энхбаяр даргын эхнэр О.Цолмонг хүртэл элдвээр хэлж, бичиж байна. Яг үнэндээ өнөөдөр Н.Энхбаяр дарга үнэхээр ядарч л явна шүү дээ. Задрахдаа юу болчихсон юм. Ард түмэн бол ухаантай “Нэг л биш байна даа” гэж хэлээд байгаа чинь тэр байхгүй юу.
-Н.Энхбаяр дарга 401 дүгээр ангид очсоноосоо хойш өлсгөлөн зарласан уу?
-Ер нь хоригдож байгаа хүн өлсгөлөн зарладаггүй гэж хэлээд байгаа чинь үхвэл амиа хорлосонтой л адил хэрэг болно. Өлсгөлөн гэдэг чинь клизм тавьж өгнө, тавьж өгөхгүй тухай л яриа болохоос биш “Өлслөө” гэхээр нь өлсч байна гэж зарлаад, “Өлсөөгүй” гэхээр нь өлсөөгүй гэж хэлдэггүй байхгүй юу даа. Хоол идэхгүй гэхээр нь клизм тавьж өгдөг, тэрийг нь өлсгөлөн гэж байгаа юм.
-Зайсан дахь 401 дүгээр анги дамжин өнгөрөх газар юм уу, эсвэл эмнэлэг юм уу. Хуулиараа дамжин өнгөрүүлэх журмаар очсон бол хэд хоног байх хугацаатай байдаг юм бэ?
-Дамжин өнгөрөх, нэгдсэн эмнэлэг хоёр нь нэг юм шиг байна лээ. Гэхдээ гадаа -37 хэмийн хүйтэн байна. Шоронд хоригдох хүн өвлийн гутал хувцсаа өмсөөд бэлтгээд явдаг. Харин манай нөхрийг углааштай нь л аваад явлаа шүү дээ. Өвлийн гутал өмсүүлэлгүй. Тэр чинь аймшигтай л санагдаж байгаа байхгүй юу. Яагаад вэ гэхээр хаана байгаадаа биш энэ хүн яаж байгаадаа л чухал байна даа.
Та мэдэж байгаа байлгүй дээ, 4 дүгээр сарын 13-нд баривчлаад явсны маргааш нь АТГ-аас “7 тэрбум төгрөг идсэн” гэж зарласан. Та ч тэр би ч тэр үнэн л гэж бодсон. Одоо тэгтэл хэдэн төгрөгийг идчихээд байна вэ. ТВ-9 телевизээс Д.Чулуунбат гэдэг хүнд 800 сая төгрөг зээлүүлсэн юм билээ хөрөнгө оруулалт гэж... Би гайхаад л байгаа. Хүний юм хулгайлсан бол хөрөнгө оруулдаг юм уу. Одоо бүр онигоо шиг юм болж байна. Мурийтай тоглодог саятан ... гээд, Эрдэнэтийн хэрэг гэж байхгүй болгоод мурийтай тоглосон гээд түүнийг хорьчихсон. Тэр хүн чинь өөрөө өөртэйгээ мөрийтэй тоглочихсон юм уу. Ийм онигооны юм л яваад байна. Тийм учраас энэ бол улстөрийн асуудал, улстөрийн хэрэг учраас улстөрийн хэрэг байдлаар л шийдэгдэнэ. Цагаадна, цагаадах нь тодорхой нээрээ шүү цаг хугацааны л асуудал бий.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа цагаатгана гэсэн үг үү. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх амлалттайгаар?
-Энэ хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлье, баръя гэж юу ч яриагүй шүү дээ. Сая нээрээ аягүй сонин үзэгдэл боллоо ш дээ. Аймаг, сум, дүүрэгт сонгогдсон ИТХ-ын 200 төлөөлөгч ирээд “Бид орон нутагт ялчихлаа. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулиа бодъё, энэ сонгуульд Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлбэл яасан юм бэ” гэдэг юм яриад, түүнийг нь хэвлэлүүд биччихсэн чинь Н.Энхбаяр даргыг аваад явчихлаа шүү дээ. Одоо биднийг иргэд загнаад байна, “Яах гэж та нар Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлнэ” гэж ярьсан юм бэ гэж. Уг нь бол Ерөнхийлөгчийн сонгуульд хүн нэр дэвших нь аймшигтай зүйл биш шүү дээ. Тийм учраас ард түмэн бол ухаантай, мэдэж байгаа л гэж бодож байна.
- Цаг гарган ярилцлага өгсөн таньд баярлалаа
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )