Н.Энхбаяр өлсгөлөн зарлаагүй

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 26

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрт нь улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлтийн хэрэг тулгалаа хэмээн үзэж хуурай өлсгөлөн зарлаж байсан билээ. Үүний улмаас бодисын солилцооны архаг түгмэл хямралын хам шинж, тархины хүчилтөрөгч дутлын уналт  таталт, захын олон мэдрэлүүдийн эмгэгшил баруун тахилзуурын мэдрүүлийн саажилт зэрэг олон хам шинжийн өвчтэй болсон. Харин эмчилгээ хийлгэж байсан Н.Энхбаярыг энэ сарын 21-ний өдөр 401 дүгээр хорих анги руу шилжүүлсэнд МАХН-ын гишүүд дэмжигчид ихээхэн эгдүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням, гишүүн Ц.Цэцгээ, Б.Дагвийхорлоо, Ч.Ёндон зэрэг хүмүүс хэвлэлийн хурал хийлээ. Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням хурлын үеэр “12 сарын 21-нд дэлхий сөнөнө гэсэн цуурхал тарж, нийслэлийн иргэд хотоос гарч, айдас түгшүүртэй байсаныг далимдуулан Н.Энхбаярыг 401 дүгээр хорих анги руу хүч хэрэглэн авч явсан нь улс төрийн зохион байгуулалттай хэлмэгдүүлэлт гэдэг нь бүр ч тодорхой болсон.  Анхнаасаа зохион байгуулалттайгаар Н.Энхбаярыг  хэлмэгдүүлж, магадгүй хордуулсан ч  байх магадлалтай гэдэг таамгийг анх сөхөж тавьсан.  Тэр өдрийн баривчилгааг далимдуулан буудан хороох  ч байсаныг үгүйсгэхгүй. Болсон үйл явдал ийм дүгнэлтэнд хүргэдэг. Энэ үйл явцыг улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт  үргэлжлүүлэн  хараат бус шийдвэр гаргаж, дээд шүүхийн бүх гишүүдийн хурлаар 2 хилс хэргийг хүчингүй болгоно гэдэгт  итгэлтэй байна. Улсын дээд шүүхэд монгол улсын хууль шүүхийн мэргэд цугларч үнэн зөвийг дэнслэн шударга мэргэн шийдвэр гаргадаг оюуны цөм гэж ард түмэн ойлгодог” гэсэн юм.

            Дашрамд дурьдахад, Н.Энхбаярыг дахин өлсгөлөн зарлаж эхэллээ гэсэн мэдээлэл тарж эхэлсэн. Энэ талаар Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням “Н.Энхбаяр дарга өлсгөлөн зарлах бүх бэлтгэлээ хийсэн байгаа. Мөн 401 дүгээр хорих ангийн эмч нараар эмчилгээ хийлгэхгүй байгаа. Өөрөө бол энэ хэлмэгдүүлэлт, шударга бус бүхнийг таслан зогсоохын тулд амиа золиослоход ч бэлэн байна гээд байгаа. Гэсэн ч түүний эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байгаа энэ үед өлсгөлөн зарлахгүй байхыг иргэд, ахмадууд, намын гишүүд захиж байна. Хэрэв Н.Энхбаяр дарга дахин өлсгөлөн зарлавал амь нас нь эрсдэх аюултай байна шүү дээ” гэв.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top