Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өнөөдрийн /2012.12.26/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар зөвшилцлөө.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын ерөнхий прокурорын орлогчоор Г.Эрдэнэбатыг томилох саналаа хүргүүлсэн юм байна. Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан Улсын ерөнхий прокурорын туслахын албыг хашиж байгаа Г.Эрдэнэбат нь 1994 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч-команд офицероор төгссөнөөс хойш тасралтгүй 18 жил мэргэжлээрээ ажилласан юм байна. Түүнийг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн бөгөөд Шүүхийн тухай багц хуулийг хэлэлцэн батлуулахад, түүний дараа хэрэгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулах хүн хэмээн үнэлж байгаагаа ч илэрхийлсэн. Хуулийн сургууль төгссөнөөс хойшхи хугацааны 50 хувийг багшлах ажилд, үлдэх 50 хувийг жинхэнэ талбар дээр нь ажилласан онолын болоод практик туршлагатай хуульч гэж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин үнэлсэн. Багшлах хугацаандаа хэд хэдэн томоохон судалгааны ажлуудыг хийж байсан энэ хүн улсын хил дээрээс эхлээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын түвшинд ажиллаж байсан туршлагатай ажилтан гэж тэрбээр дүгнэсэн. Одоо УИХ-аар хэлэлцэх гэж буй Шүүхийн тухай багц хуулийн төсөл, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад гар бие оролцсон юм байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )