Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч даваа гаригт Орхон аймагт ажиллалаа. Орхон аймгийн тухайд өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам олонх болж, Засаг даргаар Д.Зоригт ажиллаж байна. Тэрээр Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч улзахын сацуу, Орхон аймагт Аж үйлдвэрийн паркыг барьж байгуулахаар төлөвлөсөн тухайгаа хэлж байв. Аж үйлдвэрийн паркыг байршуулах барилга байгууламж нь бэлэн гэнэ. Ганцхан тухайн объектод дэд бүтэц оруулах шаардлагатай байгаа тул энэхүү дэд бүтцийг тавихад шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдэж өгөхийг уулзалтын үеэр Шадар сайд болон Сангийн сайд нараас хүсч байв. Ер нь энэхүү аж үйлдвэрийн парк ашиглалтад орсноор уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн тэнд шаардлагатай байгаа бараа бүтээгдэхүүнийг аж үйлдвэрийн парк дээр өөрсдийн иргэдээр үйлдвэрлүүлэн нийлүүлэх, улмаар ажлын байр нэмэгдэх боломж бололцоо бүрдэнэ гэдгийг хэлж байв. Орхончуудын хувьд мал аж ахуй эрхэлдэг хэсэг харьцангуй цөөн. Ихэнх нь Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн ажил амьдралаа залгуулж байгаа юм. Гэсэн хэдий ч ГОК-д ажилладаг хэсгийн амьжиргаа харьцангуй өндөр байдаг бол бусад нь ядуу зүдүү амьдарч байгаа талаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг иргэдтэй уулзах үер дуулдаж байсан юм. Ер нь Эрдэнэт хот харьцангуй эрүүл хот гэж хэлж болно. Амьдрах орчин нөхцлийнхөө хувьд ч тэр, хүмүүсийнх нь сэтгэлгээ, үзэл бодлын хувьд ч тэр. Угаас Эрдэнэт хотод монгол орны өнцөг булан бүрээс иргэд ирж суурьшсан явдал нь тэнд хэн нэгэндээ тал засах, хэсэг бүлгийн төлөө хий хоосон амбицлах шаардлагагүй болгодог шиг.
Эрдэнэт хотын иргэдийн дунд асуудал болон мандаад байгаа нэг зүйл нь Зэс эрдэнэ компани. Энэхүү компанийн ард Эрдэнэтийн 10 гаруй мянган иргэдийн хувь заяа байгаа талаар хэлж байв. Тэд Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн хоёр овоолгыг авч ашиглах хүсэлтэй талаараа уулзалтын үеэр хэлж байсан. Ингэснээр иргэд улсын төсөвт багагүй мөнгө оруулаад зогсохгүй өөрсдийнхөө ахуй амьдралыг аваад явах боломжтой талаараа хэлсэн юм. Нөгөө талаар иргэдийг бухимдуулж буй нэг зүйл нь ашиг сонирхолын зөрчилтэй эмч багш нарын тоо газар авсан явдал гэнэ. Ерөнхий боловсролын сургуулиудад төрөөс материаллаг баазаа хангуулчихаад, төрийн мөнгөөр цалинжаад сууж байдаг багш нар оноосон цагтаа хүүхүүдэд мэдэх ёстой зүйлийг нь сургаж чадаагүй атлаа илүү цагаар “гүнзгийрүүлсэн сургалт” нэрийн доор эцэг эхээс нь мөнгө татаж суудаг. Эмч нарын тухайд үдээс өмнө хэдхэн цаг суучихаад үдээс хойш нь хувийн эмнэлэгтээ очоод суучихдаг. Тиймээс ашиг сонирхолын зөрчилтэй эмч, багш нарыг нэг бол хувийн зүйлийг нь хийлгээд нэг мөсөн чөлөөл, эсвэл төрийн үйлчилгээг хоёргүй сэтгэлээр үзүүлэх талаар анхаарах ёстойг сайд, дарга нарт сануулж байлаа.
Орхончууд Н.Энхбаярыг улс төрийн золиос болсон гэж үзлээ
МАХН-ыг нэг талаас нь харвал 90 гаруй жилийн баялаг түүхтэй. Нөгөө талаас нь харвал шинэ тутам эмхлэгдэн байгуулагдаад нэг жилийн нүүрийг үзэж буй. Нэг жилийн нүүрийг үзсэн гэж үзвэл МАХН монголын битгий хэл дэлхийн хэмжээний амжилтыг өнгөрсөн сонгуулиар гаргаж чадсан билээ. МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэл УИХ-ын сонгуульд 11 суудал авч Шинэчлэлийн Засгийн газрыг Ардчилсан намтай хамтран барьж, алдааг залруулж, ажлыг ургашлуулахын төлөө ажиллаад даруй зургаан сарын нүүрийг үзэх гэж байна. МАХН-ын энэхүү түүхэн амжилтын буухиаг залгуулан орон нутагт гишүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, үйл ажиллагаа нь идэвхижиж байна. Тухайлбал, Орхон аймагт МАХН аль хэдийнэ улс төрийн тулхтай, олон арван гишүүд дэмжигчидтэй улс төрийн хүчин болсон байна. Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Орхон аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын дэд дарга Л.Цог тэргүүтэй МАХН-ын удирдлагууд, гишүүдийн хамт Орхон аймагт ажиллалаа. Орхон аймгийн гишүүд дэмжигчдийн хувьд залуу, дунд, ахмад гэсэн гурван үеийн төлөөллөөс бүрдэж байна. Тэд намынхаа үйл ажиллагааг явуулахдаа МАН, АН хэмээх улс төрийн чиг баримжаагаа алдсан үйл ажиллагаа нь бизнес, авлигын эрх ашигт үйлчилдэг намуудыг уламжлалыг үгүй хийж, нийгэмд шударга ёс тогтоохын төлөө ажиллаж байгаагаа илэрхийлж байна. Өнгөрсөн Орон нутгийн сонгуульд Орхон аймгийн МАХН шинэ залуу боловсон хүчнүүдээ нэр дэвшүүлсэн нь нэг томоохон дэвшил болсон байна. Тэдэнд хандан Шадар сайд Д.Тэрбишдагва, “Та нарын хувьд энэ бол том туршлага. Орхончуудад шударга ёс хэрэгтэй. Тэрхүү шударга ёсны үрийг та бүхэн тарьж суулгасан. Дөрвөн жилийн дараа та нар маань шударга ёсны төлөөлөгчид болж, ард түмэн та нарт итгэл хүлээлгэнэ” гэдгийг хэлж байв.
Орхончуудын хувьд сэтгэлийг нь эмзэглүүлсэн өөр нэг асуудал нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг гурав дах удаагаа хөлийг нь гозолзуулан ачиж, хорих анги руу ач явсан асуудал. Энэ тал дээр иргэд ихэд бухимдангуй хандаж, 2013 оны Ерөниийлөгчийн сонгуулийг урьтан хийж буй Ц.Элбэгдоржийн явуулга гэсэн дүгнэлтийг өгч байлаа. Нэг үгээр бол монголын бохир улс төрийн золиос болсон гэж үзэж байв. Одоогийн байдлаар Н.Энхбаяр нь дамжин өнгөрүүлэх ШШГГ-ын харъяа 401 дүгээр ангид байгаа бөгөөд тэрээр шударга бус шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж өлсгөлөн зарласан гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа. Энэ талаар ч Орхончууд ярьж экс Ерөнхийлөгчийнхөө амь насанд санаа зовж байгаагаа илэрхийлэв.
А.НОМИН
Сэтгэгдэл ( 0 )