УИХ-ын гишүүн С.Ганбаатар Засгийн газарт хандлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 26

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Засгийн газарт хандан уриалга гаргасан байна.  Уриалгад:

Оюу Толгой ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 27-нд Өмнөговь аймаг дахь уурхайн талбартаа Баяжуулах үйлдвэрийн нээлтийн ёслолын ажиллагаагаа хийх гэж байгаатай тохиолдуулан С. Ганбаатар гишүүн би Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүд, Монгол Улсад байгаа олон улсын байгууллагууд, элчин сайдын яамд, нийт Монголынхоо ард түмэн, Оюу Толгой ХХК-ний ажилтнууд болон Монгол орны төлөө сэтгэлтэй хүн бүрт хандан Оюу Толгой ХХК-ийг далд буюу Монголчууд бидний мэдэхгүй байгаа бүх гэрээнүүдээ ил нээлттэй болготол аливаа үйл ажиллагааг нь дэмжихгүй байх, тухайлбал энэхүү ёслолын үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалж байна.

Тухайлбал, Бүтээн байгуулалтын Гэрээг нэн тэргүүнд ил болгох шаардлагатай байна. Ингэж ХОГ-ний нэг тал болох Монгол улсыг хүндэлж бүх нууц гэрээ хэлэлцлээ ил тод болготол энэхүү ёслолын арга хэмжээнд оролцохгүй байхыг нийт Монголын ард түмэн болон Монгол Улсын Засгийн газарт тусгайлан уриалж байна.

Аливаа гэрээнд бүтээн байгуулалтын ажлыг нэг ам. долларын зөрүү гаргалгүйгээр нарийн зохицуулалттай хийдэг олон улсын туршлага бий. Хэрэв нэг ам. долларын зөрүү гарахад тэр мөнгийг хэн төлөх, хэн хариуцах гээд нарийн ээдрээтэй асуудлуудыг гэрээнд тусгасан байдаг. Гэтэл Монголын талд хэдэн тэрбум ам. доллараар хөрөнгө оруулалт өсөн нэмэгдсэн талаар зүгээр л мэдэгдээд үйл ажиллагаагаа үргэлжлээд байгааг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй юм.

Бүтээн байгуулалтын үед олон янзын далд Гэрээ байгаа, эхлээд үүнийг ил болгоё, тэгж байж энэ баяр ёслолд оролцоё гэсэн уриаг минь хүлээн авна уу.

 

Хөрөнгө оруулалтын хэмжээ өсөн нэмэгдэх нь:

2007

2.7 тэрбум ам. доллар (тохиролцсон)

2009

4 тэрбум ам. доллар (ХОГ үзэглэсэн)

2012 эхээр

6.4 тэрбум ам. доллар

2012 сүүлээр

7.8 тэрбум ам. доллар

 хэмээжээ.

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top