УИХ-ын гишүүн Г.Уянга анх удаа бие даан Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсоруулснаа өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Тэрбээр “Төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс төрийн томилгоо болон хувийн сонголтоор, ялангуяа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй уул уурхайн компаниудад албан болон албан бус зөвлөгөө өгөх явдал түгээмэл боллоо. Тиймээс Монголын төр өндөр алба хашиж байсан хүмүүсийнхээ мэдлэг туршлагыг нь ашиглах, эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэх, төр өөрөө бат бэх, айдасгүй, зоригтой шийдвэр гаргадаг байх ёстой. Энэ бодлогыг хэрэгжүүлэх үүднээс холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачиллаа” хэмээн УИХ-ын даргад ярилаа.
Хуулийн төсөлд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг ҮАБЗ-ийн тэргүүний зөвлөхөөр ажиллуулах орон тоо бий болгох, улмаар туршлагатай хүмүүсийг төрийн бодлого боловсруулахад татан оролцуулах өөрчлөлтийг тусгасан байна. Түүнчлэн зөвлөх нь Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх хэмжээний цалин авах, бусад баталгаагаар хангагдах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүн Г.Уянга үзэж байгаагаа илэрхийллээ. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон хашиж байсан хүн дотоод, гадаадын компанид зөвлөхөөр ажиллаж байгаа нь төрийн бодлого, мэдээллийг ашиглуулагч болон хувирч болзошгүй гэж төсөл санаачлагч болгоомжилж байгаа юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )