УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинээр баригдаж байгаа барилгын зориулалтыг өөрчилж Хууль зүйн яам, Улсын Ерөнхий прокурорын газрын контор болгох Засгийн газрын шийдвэрийг өөрчлүүлэх УИХ-ын тогтоолын төсөл боловсруулснаа УИХ-ын даргад өргөн барилаа.
Тэрбээр эмнэлгийн барилгыг бариулах шийдвэрийг УИХ-аас гаргаж, 4 жил дараалан холбогдох зардлыг Төсвийн тухай хуульд тусгаж ирсэн байхад зориулалтыг өөрчлөх эрх Засгийн газарт байхгүй хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн барилгын зураг, төсөв нь анх эмнэлгийн зориулалтаар хийгдэж, барилга нь баригдаж тоног төхөөрөмж нь суурилагдсан тул түүнийг конторын зориулалтаар ашиглана гэвэл дахин зураг төсөв зохиож, их хэмжээний зардал гарна хэмээн УИХ-ын даргад учирлалаа.
Хотын төвд “А” зэрэглэлийн бүсэд эмнэлэг барьж болохгүй гэж Хууль зүйн яамны зарим удирдлага мэдэгдэл хийсэн юм байна. Харин О.Баасанхүү гишүүний хувьд урьд нь байсаар ирсэн эмнэлэг нийслэлчүүдийн эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдол байхгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Тиймээс Засгийн газарт төрийн бодлого, хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох талаар үүрэг өгөх УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан өргөн мэдүүлжээ
Сэтгэгдэл ( 0 )