Улсын ерөнхий прокурорын орлогчоор Г.Эрдэнэбатыг томиллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 27

Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Улсын ерөнхий прокурорын орлогчоор Г.Эрдэнэбатын нэрийг оруулж ирсэн юм. Ингээд энэхүү саналтай холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Харин Л.Цог гишүүн “Нэр дэвшигчийн хувьд дэмжиж байна. Ер нь прокурорын байгууллагад ажиллаагүй хүнийг томилдог байсныг хэлье. Иргэний эрхийг зөрчихгүй байхыг гол ажлаа болгох үүрэгтэй. Ял эдлүүлэх ажиллагаанд завхруулсан үйлдэл олон бий. Хамгийн сүүлд гэхэд манай намын даргыг ялласан. Энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй” гэж саналаа хэлэв.  Ц.Нямдорж гишүүн “Г.Эрдэнэбатыг дэмжиж байна. Мэргэжлээрээ ажиллаж, бас багшилж байсан юм байна. Гайгүй ажиллах байх гэж найдаж байна. Хууль боловсруулах ажиллагаанд шүүх байгууллагын удирдлага оролцдоггүй. Ийм зовлонг нь мэднэ. Гэхдээ хуулийн шинэчлэл хийхэд улсын ерөнхий прокурор, тангуулынхан гол үүрэг гүйцэтгэх ёстой” гэсэн юм. Ингээд санал хурааж, 42 гишүүн буюу 82,4 хувийн дэмжлэгтэйгээр Г.Эндэнэбатыг  Улсын ерөнхий прокурорын орлогчоор сонголоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top