Нэг шударга хуульчаар парламент бүл нэмнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

“Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшин, УИХ-ын гишүүн болох эрхтэй болсон ч зарим нэгний хэлсэнчлэн, Н.Энхбаяраар барьцаалагдсан, эвслийн нэг суудлыг нэр төдий хадгалагч болон тангараг өргөлгүй, “хүлээлтийн горимд” бараг хагас жил болоод байгаа Ц.Оюунбаатарыг тангараг өргөнө гэсэн мэдээлэл өчигдрөөс цацагдаж эхэллээ.

1980-аад оны үед хуучнаар ЗХУ-д Их сургуулийн оюутан байх үеэсээ Хельсинкийн хүний эрхийн тунхаглалыг тухайн үеийн иргэний эрхийн асуудалтай харьцуулан судалж, оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавин хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллах анхны гараагаа эхэлж байсан хуульч Ц.Оюунбаатар 1990 оноос хэлмэгдэн хохирсон иргэдийн эрхийг сэргээх сургалт явуулж, 2000 оноос УИХ-д суун хүний эрхийн комисс, хувь хүний эрхийн үндэсний хөтөлбөр боловсруулан ажиллаж байсан билээ.

УИХ-ын гишүүн С.Оюунтай хамтран 1999 онд Трансинтернациональ олон улсын байгууллагын Монголын салбарыг анх байгуулж байсан тэрээр хэвлэлийн эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцлийн талаар санаа зовнин, төрөөс төрсөн тэрбумтнууд хаус бариулж, тендерийн 10% туугаад, мөнгөөр албан тушаалын наймаа хийгээд явж байна хэмээн шүүмжлэлтэй ханддаг нэгэн.

 Ц.Оюунбаатар 1986 онд анх МАХН-д элсэж байсан ба  Ө.Энхтүвшин тэргүүтэй хүмүүстэй хамтран, намаа шинэчлэх жигүүр байгуулан, удирдах зөвлөлөө сөрж зогсож байсан билээ. Түүний үзэж буйгаар, хэзээ ч МАХН гэсэн анхны харьяаллаа сольж байгаагүй аж. МАН-ыг дэндүү олигархижиж, мафижсан тогтолцоонд орчихсон гэж үздэг учраас МАХН-ын гишүүнчлэлээ шинээр сэргээн, Н.Энхбаяр даргыг дагасан байна.  Мөн О.Магнай, Ж.Батзандан нарын тэргүүлсэн иргэний хөдөлгөөнийхнийг дэмжин, тэдэнтэй үзэл бодлын нөхөрсөг харьцаатай байсан билээ.

Хуульч мэргэжилтэй хүний хувьд Н.Энхбаярын асуудлыг хууль зүйн талаасаа хэлмэгдсэн, улс төрийн талаасаа хохирсон хэмээн үзэж, намын даргынхаа “тангаргаа битгий өргөөч” гэсэн хүсэлтэд хүндэтгэлтэй хандан, хүн ёсны жудаг гарган өнөөдрийг хүргэсэн байна. Тухайн үед намын дарга нь түүнээс гадна УИХ-ын гишүүн Баасанхүү, Цолмон нарт энэ хүсэлтийг тавьж байсан гэж яригддаг ба Баасанхүү гишүүн уг хүсэлтээс хойш арав ч хоноогүй байхад сонгуулийн хороон дээр очин “намайг ирсэн гэж битгий хэлээрэй” гээд түр үнэмлэхээ аваад явчихсан байсан гэлцдэг.

Аливаа зүйлд хязгаар байдагчлан, Ц.Оюунбаатарын хүлээлтийн хугацаа дуусч өнөөдөр тангараг өргөхөөр болжээ. УИХ-ын үндсэн үүрэг нь хууль тогтоох ажиллагаа байдаг тул Ц.Оюунбаатар шиг ганц ч болов шударга хуульч парламентад нэмэгдэхээр болсонд олон хүн талархаж байгаа нь гарцаагүй.

Д.Мягмарсүрэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top