Өчигдөрийн үдээс хойшхи чуулганы тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

-Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжлэв-

2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн буюу  Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан 15.45 цагт эхэллээ. Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл болон дагалдах хууль, тогтоолын  төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн  зарчмын зөрүүтэй  саналыг дэмжих эсэх талаар санал хураалт явуулсан.

Байнгын хороогоор төслүүдийн анхны хэлэлцүүлгийн хийх явцад Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийн зорилтыг хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр тодотгосон нэмэлт оруулах, төсөлд хадгаламжийн даатгалын зарчим, нөхөн төлбөр олгох банк, хадгаламж эзэмшигчдийн эрх гэсэн шинэ зүйлүүд нэмэх болон хадгаламж эзэмшигч хэд хэдэн хадгаламжийн данстай бол түүний бүх дансыг нэг дансанд нэгтгэж, нөхөн төлбөрийг тооцох тухай заалтуудын нэмж оруулахыг гишүүд дэмжиж байсан юм.


Мөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөлд тусгасан эх үүсвэрийг бүрдүүлэхэд шаардлагатай 100,0 тэрбум төгрөгийг Засгийн газар, Монгол банкнаас тэнцүү хэмжээтэй хуваан гаргах, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасны дагуу хадгаламж зээлийн хоршоодыг хадгаламжийн даатгалд хамруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Санхүүгийн зохицуулах хороонд даалгах заалтуудыг нэмж оруулах санал ч гишүүдийн дэмжлэгийг авсан. “Хадгаламж, зээлийн хоршооны хадгаламжийн даатгалтай холбогдсон харилцааг хадгаламжийн даатгалын хуулиар зохицуулна” гэсэн заалтыг дагаж мөрдөх хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 01 байхаар өөрчлөх зэрэг саналууд байнгын хорооноос дэмжигджээ.

УИХ-ын дэд дарга С.Баярцогт, “Монгол банкинд хадгаламж байж болох уу, хэн хүү төлөх вэ? Ер нь Монгол банкинд хэдэн хадгаламжийн данс байдаг вэ” гэдгийг асуув. Монгол банкны тэрүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, “Монгол банкинд арилжааны арван дөрвөн банкны харилцах болон хадгаламжийн данс байдаг. Жилийн нэг хувийн хүү төлдөг” хэмээн хариулт өглөө.


Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Монгол банк хэт өөрсдийгөө хамгаалсан заалтуудыг оруулсан хэмээн шүүмжилж, активын удирдлага, хөрөнгө оруулалтыг нээлттэй болгох нь буруу хэмээв. Мөн  “Хадгаламжийн корпораци нь санхүүгийн активын удирдлагыг бусад хуулийн этгээдэд сонгон шалгаруулалтын үндсэн дээр гэрээгээр бүрэн болон хэсэгчлэн шилжүүлж болно” гэсэн төслийн 11.4 дэх хэсгийг өөрчлөхийг санал хураалтаар гишүүд дэмжсэнгүй.

Хуулийн төсөлд тусгасан хадгаламжийн даатгалын корпорацийн нэршлийг өөрчлөх саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гаргаж, “Өмнө нь бид Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль баталсан. Ер нь хууль хуульд өөр өөрөөр заасан даатгалын олон зөвлөл, хороо, корпорацийг нэгтгэж даатгал хариуцсан нэгдсэн нэг зөвлөл байгуулж, харин дотроо салбар салбараар мэргэшиж, салах хэрэгтэй. Ингэснээр үйл ажиллагаа уялдаж, эцсийн үр дүнд эерэгээр нөлөөлнө” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Хадгаламжийн корпорацийн эх үүсвэрийн бүрдүүлэх хураамжийг хувиар тооцох, интервалиар тооцох эсэх тал дээр гишүүд өөрсдийн саналаа хэллээ. Тухайлбал, УИХ-ын дэд дарга С.Баярцогт аргачлалыг нь заасан нь зүйтэй,  хувиар тооцох нь эрсдэлтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл банкуудаа эрсдлээр нь ангилаад ангилал тус бүртээ ялгаатай хураамжийн хувийг тогтоох санал гаргасан юм. Харин Монгол банкны зүгээс уг хураамж нь тэмдэгтийн хураамж биш, хуримтлалын сан бүрдүүлэх хураамж учраас адилтгах боломжгүй хэмээн тайлбарлав. Гишүүд нэгдсэн саналд хүрээгүй учраас дээрх асуудлыг хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр нухацтай хэлэлцэхээр болж байна.  

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүд хулийн төслийн хариуцлагын асуудлыг нарийн, тодорхой тусгах шаардлагатай байгааг онцолсон. Албан тушаалаа урвуулан ашиглах, хорлон сүйтгэх сэдэлтэй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой гэдгийг М.Батчимэг гишүүн хэлсэн. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “Төсөлд оруулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ямар тохиолдолд торгуулийн арга хэмжээ болгож байгаа нь ойлгомжгүй байна. Жишээлбэл, Корпораци энэ хуулийн 10 дугаар зүйлд зааснаас бусад хэлбэрээр хөрөнгө оруулалт хийсэн нь тогтоогдсон бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн байна. Интервалийн ингэж хол тогтоох нь эргээд танил талаа харж үзэх, авлига хээл хахуулийг гааруулах эхлэл болно. Ямар алдаанд 250 дахин, ямар нөхцөлд 500 дахин өсгөх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Эргэж харах зайлшгүй шаардлагатай” гэв. Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан болон УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан нар, “Бусад хуулиудад заасан жишгээр тогтоосон. Энэ талаар Хууль зүйн сайдтай ярилцсан. Судалгаа хийж байгаа учраас одоогийн жишгээр тусгахыг зөвлөсөн” гэсэн хариулт өглөө.

Санал хураалтыг өнөөдрийн  УИХ-ын чуулганы хуралдаанаар үргэлжлэх болсноор хуралдаан өндөрлөлөө.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top