Ерөнхийлөгч Монгол Улсаа төлөөлөн суугаа элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаад орнуудад Монгол Улсаа төлөөлөн сууж буй Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч хэлэхдээ “Түүхэн чухал үйл явдлын босгон дээр бид уулзаж байна. Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ойг бид өнгөрсөн жил тэмдэглэсэн. Одоо хоёр дахь зуун руу орж байгаа эхний жилийн ойг тэмдэглэж байгаа өдрүүдэд бид уулзаж байна. Бидний өвөг дээдэс 101 жилийн өмнө эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээж байхдаа олон зүйлд ач холбогдол өгч байсны нэг нь гадаад харилцаа юм. Монгол Улс гадаад харилцааны яамаа байгуулж, сайдаа томилж, дэлхийн томоохон есөн оронд “Та бүхэнтэй бид харилцаа тогтоохыг хүсч байна” гэсэн Богд хааны лүндэнтэй бичиг явуулсан байдаг. Энэ бол Монгол Улсын хувьд гадаад ертөнцтэй өөрийгөө холбож ажиллахад хэчнээн их ач холбогдол өгч байсны нэг чухал илэрхийлэл гэж бодож байна. Тэр цагаас хойш манай гадаад харилцааны байгууллага, гадаад харилцааг төлөөлж ажиллаж байсан хүмүүс үүргээ нэр төртэйгээр бүтэн зууныг дамжуулан хэрэгжүүлж дараагийн зуун руугаа орж буй сайхан үйл явдал болж байна. Та бүхэн сайн ажиллаж байгаа гэдгийг би Элчин сайд томилох шийдвэрийг гаргаж, УИХ-д оруулахад оролцдог хүний хувьд хэлэе.
 
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайд нарт хандаж хэд хэдэн зүйлийг онцлон хэлэх гэсэн юм. “Нэгдүгээрт, Монгол Улсын нэр хүндийг өргөхөд гадаадад ажиллаж байгаа Элчин сайд нар, дипломат төлөөлөгчийн газрууд их анхаарч ажиллах ёстой. Улс орны нэр хүнд гэдэг өөрөө хөрөнгө оруулалт, гадаад харилцааг бэхжүүлэхэд хамгийн чухал зүйл гэж бодож байгаа.
 
Хоёрдугаарт, Гадаад улс орнуудад айлчлахдаа  иргэдтэйгээ уулзаж байхад сүүлийн үед Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газруудад ам сайтай болсон байна. Нэг үеэ бодоход монголчуудад гадаадад гараад зөвхөн визтэй, визгүй ажилд орох биш, олон үүсгэл санаачилгыг бий болгодог болсон байна. Үүсгэл санаачилгын байгууллагууд, аж ахуйн нэгжүүд бий болсон байна. Тэр хүмүүстэйгээ нягт хамтарч, харилцаа холбоо үүсгэж ажиллах нь чухал юм гэж бодож байна.
 
Гуравдугаарт улс хоорондын өндөр дээд хэмжээний айлчлалд гадаад харилцаа, дипломат төлөөлөгчийн газрууд их ач холбогдол өгч ажилладаг, энэ их  чухал зүйл юм “ гэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  мөн Элчин сайд нар анхаарч ажиллах ёстой зарим зүйлийг дурдав. “Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын эрх ашигт нийцсэн эдийн засгийн шинжтэй, материаллаг агуулга сайтай төсөл, хөтөлбөрүүдийг гадаад улс орнуудтай хамтарч хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Монголд 1950, 1960, 1970-аад онд томоохон бүтээн байгуулалт өрнөсөн байдаг. Монголд байгаа байгууламжуудын ихэнх нь 40-50 жилийн настай, дараагийн бүтээн байгуулалтаа хүлээсэн шинжтэй байна. Нэг тавин жилийн цикл өндөрлөөд Монгол Улс дараагийн эрчимтэй хөгжил рүүгээ орох бүтээн байгуулалтын үед ирсэн нь харагдаж байна.
 
 Төмөр зам гэхэд 50-60 жилийн өмнө бий болсон. Өнөөдөр үнэхээр өөрчлөлт шаардлагатай болсон байна. Хойд хөршийн төмөр замын дундаж хурд 67 км байхад Монголынх 37 байна. Жаахан нэмээд өгөхөөр 50 жил болсон дэр моднууд тарж үсэрчих гээд байдаг. 20 сая тонн ачаа тээж байна. Нэмэх ямар ч боломжгүй болсон. Төмөр замд асар том өөрчлөлт хэрэгтэй байна. Цахилгаан эрчим хүчний асуудал бий. Нүүрсэнд тулгуурласан эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчинд нэлээд ач холбогдол өгч байгаа. Нүүрсний уурхайнхаа аман дээр эрчим хүчний станцыг бариад экспортлох асар их боломж байгаа. Бензин, шатахуунаа цаашдаа өөрсдөө хийх хэрэгтэй болж байна. Мал аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүн дээрээ тулгуурласан үйлдвэрлэлийн томоохон бүтцүүдийг байгуулах зэрэг энэ УИХ, Засгийн газрын ажиллаж байгаа хугацаанд анхаарах, цаашдаа ч ойрын 10 жилд анхаарах шаардлагатай томоохон бүтээн байгуулалтын ажлууд Монголд өрнөх суурь тавигдаж байна.
 
Сая Засгийн газрын бонд гаргасан. Ерөнхийлөгчийн хувьд Монголд болгоомжлох, үндэсний эрх ашигтайгаа холбож харах зүйлүүд байгаа. Бондын нэг ам.доллар дээр нэмж наад зах нь хөрөнгө оруулалтын хоёр ам.доллар олох ёстой гэсэн шардлагыг ҮАБЗ-өөс тавьж байгаа. Бондын мөнгөөр тухайн төслийн өртгийн 30 хувиас дээш санхүүжүүлж болохгүй. Хөрөнгө оруулалтын орчинд хариуцлагагүй зүйлүүд алга болох ёстой. Монгол Улсын байр суурийг хэн нэгэн улстөрч биш Засгийн газар л илэрхийлнэ. Монгол Улс хариуцлагатай улс орон болж байгаа. Улсынхаа нэр хүндээр дэнчин тавьж өр тавьснаас хөрөнгө оруулалтынхаа орчинг сайжруулж хөрөнгө оруулалт татах нь ямар ч эрсдэлгүй гэсэн чиглэлээр ажиллана гэж бодож байгаа.
 
Бас нэг анхаарах шаардлагатай асуудал бол Монгол судлал. Үүн дээр зарлиг, гарч Засгийн газрын тогтоол боловсруулагдаж байна. Энэ чиглэлд сургалтын тэтгэлгүүд өгөхөд бэлэн байгаа. Элчин сайд нар тухайн сууж байгаа оронд Монголыг судлах оюутан байна гэвэл сургалтын тэтгэлэг өгч болно. Судлаачдад ирж ажиллах зардалыг даах боломжтой. Томоохон их сургуулиудыг түшиглээд Монголын орчин үеийн түүхийг судлах анги нээх сонирхол нилээд бий болж байгаа юм билээ. Бидэнд эртний, орчин үеийн түүх бий. Энэ чиглэлээр судлах боломж бий. Монгол судлалыг бэхжүүлэхэд хамтарч ажиллах, шинээр бий болгоход санаачилга гарган ажиллах их боломж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.
 
Монголчууд олуулаа болох ёстой. Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор үг хэлэхдээ гадаад, дотоодод амьдарч байгаа монгол ёс уламжлалаа мэддэг монгол хүмүүс монгол нутагтаа ирж очих, харилцаа холбоогоо бэхжүүлэх чиглэлд аль болох бололцоо хангасан байдлаар ажиллахыг анхааруулсан. Энэ бол Монгол Улсын бодлого гэж ойлгож болно. Энэ чиглэлээр хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх гэж нэлээд ажиллаж байна. Шилжилтийн үедээ бид нэлээд тусламж гадаад орнуудаас авсан.Одоо бид бусдад туслах бодлого баримталж байна.Сан байгуулсан. Бид тодорхой орнуудыг сонгож авсан. Киргизтэй их ойрхон ажиллаж байна. Монголд болох хурал зөвлөгөөнд оролцох бүх зардлыг нь даадаг, Бирмийн Ерөнхийлөгчтэй уулзаж ажилласан. Хойд Солонгос, Бутан, Непал зэрэг орон байна. Монгол бол Евроазийн зааг дээр оршдог геополитикийн хувьд чухал орон. Монгол бусад улс орнуудтай хамтрагч болоход бэлэн. Зочин орон болж асуудлуудыг шийдэхэдч бэлэн гэсэн байдлаар ажиллах нь зөв гэдэг нь харагдаж байгаа.
 

Ирэх оны дөрөвдүгээр сарын 29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар уулзалт Улаанбаатарт болно. Үүнд парламентын гишүүд, бизнесийнхэн, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны төлөөлөгч бүгд орно. Шинээр хөгжиж байгаа, хөгжингүй орны төлөөлөл бүгдийг оролцуулах хүслээр ажиллаж байна” гэж Ерөнхийлөгч хэлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top