Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Улам олуулаа эх түүх, соёлоо судалъя

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 29
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Богд хааны ордон музейд болсон “Тусгаар тогтнол” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчдод болон Монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголчууд өнгөрсөн жил Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн мандуулсны 100 жилийн ойг ёслон тэмдэглэсэн. Өнөөдөр 200 дахь жилийн эхний ой тохиож байна. Манай өвөг дээдсийн эхлүүлсэн их үйлс зуун дамжаад явж байна. Үр хойч нь энэ ойг тэмдэглэн өнгөрүүлж эрх чөлөө, тусгаар тогтнол гэж ямар агуу зүйл болохыг хүн болгон бодох шаардлагатай. Энэ бүхний үнэ цэнийг сануулсан өдөр болж байна.
 
Аливаа үндэстэн өөрийн эх хэлтэй, бичиг, уламжлал, соёлтой байх юм бол тухайн үндэстэн бие даасан, тусгаар улс байх амин шалгуур нь тэр юм. Монголчууд анх үүссэн цагаасаа, төр, улсаа бий болгосон цагаасаа эрх чөлөөтэй, тусгаар улс болж явсан. Улс төрийн утгаараа шийдвэр гаргах эрх нь бусдад булаагдсан, бусдын үг захиргаагаар явсан үе бол байдаг.
 
Манжийн дарлал гэж ярьдаг. Би бол монголчууд харь гүрний дарлалд байгаагүй гэж үздэг. Манай олон эрдэмтэн үүнтэй санал нэгддэг. Эрх чөлөө, тусгаар тогтнол, өв соёл монголчуудын зүрх сэтгэлд байнга байсан.
 
Ирэх жил их сайхан жил гарна. Монгол Улс төр, улсаа тунхагласны 2222 жилийн ой тохионо. Дөрвөн хоёр давхацсан тэгш ойн жил гарч байна. Тэгэхээр мөн л монголчуудын буян заяа улам тэгширсэн сайхан он болно.
 
Уламжлал соёл, өвөг дээдсээс хадгалагдаж үлдсэн зүйлээ монголчууд үзэж хардаг болмоор байна. Улам олуулаа үзмэрээ үздэг, түүхээ судалдаг, улам олон хүн эдгээрийг үздэг болох боломжийг олгодог болох ёстой. Түүх, дурсгалаа зөвхөн хадгалаад байж таарахгүй”. гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top