УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хэд, хэдэн хуулийн төслийг хэлэлцжээ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд эхний заалтыг дэмжих бололцоотой хэмээн үзсэн байна. Үүнд УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдээд газар дээрээ баригдвал УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн заалтыг дэмжих бололцоотой гэж үзжээ. Харин хоёр дахь заалт болох УИХ-ын гишүүнийг хэрэг үйлдсэнийг мөрдөн байцаагч нотолсон тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэсэн заалтыг дэмжих боломжгүй гэж үзсэн аж.
Мөн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн байна. Энэ хуульд өөрчлөлт оруулах болсон үндсэн шалтгаан нь 1х5000 харьцаатай Монгол Улсын газрын зургийг нууцын жагсаалтаас гаргах тухай асуудал багтаж байгаа аж. Эл хэмжээст зураг нь улсын нууцын зэрэглэлд хамаардгаас олон асуудал нууцад хамаарч иргэдэд мэдээллийг нээлтэй ил тод хүргэхэд бэрхшээл учруулдаг гэнэ. Мөн иргэний бүртгэлтэй холбоотой мэдээллийг нээлттэй болгох шаардлага тулгарч буй тул энэ бүхнийг зохицуулсан заалт дээрх хуулийн төсөлд томъёологдож орсныг үндэсэнд нь дэмжих нь зөв хэмээн бүлгийн гишүүд саналаа нэгтгэжээ.
АН-ын бүлгээр хэлэлцсэн гурав дахь асуудал нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүхий ажлын хэсэг байгуулах шийдвэрт хүрчээ. Түүнчлэн Улстөрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд санхүүжилтийн асуудлыг цэгцлэх шаардлага байна гэж бүлгийн гишүүд үзсэн байна. Ингэхгүй бол нам бүр анхан шатандаа улсын хэмжээнд нүсэр бүтэцтэй тэр нь эргээд зардал чирэгдэл ихээр шаардаж байгаа нь өөрөө сөрөг үр дагавар дагуулдаг. Тиймээс сонгуульд олонхи болсон нам нь ИТХ-ын төлөөлөгчөөрөө дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх хүрээнд эл асуудлыг шийддэг байх нь зөв гэж үзээд холбогдох хууль эрх зүйн зохицуулалтыг дэмжих ёстой хэмээн үзжээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )