Ардын нам ажлаа хий!

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 03

МАН-ыг машинаар зүйрлүүблжл загвар нь хуучирч, хурд хүчгүй болсоор байрнаасаа ч хөдлөхөө байжээ. Уг нь хуучны эд зүйлс цуглуулдаг ховорхон сонирхолтой хүний хувьд ийм эд хогшил бол үнэт цуглуулга болох учиртай юм. Гэвч бодит байдал дээр МАН гэдэг хүмүүсийн нэгдэл учраас хаа нэгтээ хадгалж болохгүй нь тодорхой. Улс орны хөгжил дэвшилд МАН ямархан үүрэг роль гүйцэтгэж ирсэнийг өнөө хэн ч үгүйсгэхгүй биз. Энэ бол түүх. Түүхийг МАН ганцаараа биш, бид бүгдээрээ бүтээсэн. Өнөөдөр түүх ярьж хэн нэгнийг буруутгана гэдэг хамгийн том “Тэнэглэл” юм. Өчигдөрийн МАН өнөөдрийн МАН биш гэж би хувьдаа үздэг. Учир нь өнгөрсөнд явуулж байсан бодлого өнөөдөр цаг үеэ дагаж өөрчлөгдсөн гэдэг итгэл найдвар байдаг учраас тэр юм.

Харин одоо өнөөдөр юу нь болохгүй болчихоод байгааг ухаж үзье. Гэхдээ зөвхөн Өмнөговь аймгийн МАН-ын хувьд эргэцүүлэл хийлээ.

Өмнөговь аймгийн МАН-ыг бүрдүүлэгч залуус, ахмадыг хувь хүмүүсийнх нь хувьд би ихэд үнэлж явдаг. Харин нэг нам гэдэг өнцгөөс харахдаа ихэд “ичиж” сууна. Улс төрийн хүчин гэдэг утгаараа хүмүүсийн итгэлийг хүлээх ёстой ХОЁР том намын нэг. Бодлого тодорхойлох төвшинд ч авч үзвэл мөн адилхан. Өнгөрсөн сонгуулиас ухаарах ёстой НЭГ зүйл байна. Хэрэв ухаарахыг хүсвэл шүү дээ... Аймгын төвшинд МАН-аас нэр дэвшсэн хүмүүс хувь хүнийхээ, эдийн засгийнхаа хувьд аль ч намын өрсөлдөгчөөсөө хавь илүү байсан гэдэгт эргэлзэх юм алга. Бусдад хүндлэгдсэн, иргэдийн итгэлийг олж болохуйц олон хүн байлаа. Харин МАН-ын удирдлага эдгээр хүмүүсийг нэгтгэж чадсангүй юу? Бие сэтгэлийг нэгтгэх нь өдий зэрэгтэй том намын хувьд асуудал биш байлаа. Учир нь ашиг сонирхол гэдэг хүчинд автсан хэн ч бие сэтгэлээ нэгтгэж чадна. Ганц нэгдэж чадаагүй зүйл бол оюун санаа нь байлаа. Үүнийг олж харахад их амархан. Дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр. Мөрийн хөтөлбөр бол “Оюун санааны нэгдэл” тус намд байгаа эсэхийг тод томруун харуулна.

Хэрэв “Оюун санааны нэгдэл” бий болсон бол МАН-аас юу харагдах байсан бэ? Ганцхан үгээр хариулахад “Хөдөлмөр” харагдах байлаа. Мөрийн хөтөлбөрөөс нь өнөөдөр би нэг өгүүлбэрийг санах гээд санаанд буухгүй байгаа нь харамсалтай. Учир нь хөдөлмөр шингээгүй болохоор тэр болов уу. Үнэндээ бол МАН-аас нэр дэвшсэн хувь гишүүний санал санаачлага тус намын мөрийн хөтөлбөрт шингэсэн эсэхэд ч эргэлзээ төрүүлж байна.

Хамгийн харамсалтай нь иргэдийн сонголт хоосон суудалтай адил үнэд хүрэх вий. Сонголт гэдэг ямар чухал вэ гэдгийг мэдэрч байгаагийн хувьд МАН-аас суудал авсан төлөөлөгчид дөрвөн жил хоосон суух вий дээ гэдэг эмзэглэл төрж буйг нуух юун. Намд нь санаа зөвж, иргэдэд санаа тавьж ийнхүү бичсэнийг хэн яаж хүлээж авахаа өөрсдөө мэдэг. Түүхэн хуудаснаа хамт бичигдэж ирсэн энэ намын нэр өнөөдөр арчаагаа алдсан мэт сонсогдох болсоныг хэн ч хэнээс ч нуухгүй. Харин чичлэхээс илүү хэлж сануулах хүн хэдий олон бол? Албан тушаал л зөвхөн ажил хийх нөхцөл биш юм шүү. Ардын нам ажлаа хий!

Ц.Будгэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top