Н.Энхбаярт “Монгол жудаг” гаргачих хүн байна уу

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 03

Ойрын өдрүүдэд экс-ерөнхийлөгч Н.Энхбаярын бие муудлаа гэсэн мэдээ байн байн цацагдан, хүмүүс янз бүрээр хүлээн авч, зарим нь өрөвдөн, зарим нь бүр түвэгшээсэн байдалтай “ээлжит жүжиг л биз” гэх маягтай хандаж байлаа. Ингээд энэ талаар ойрын баталгаатай эх сурвалжаас тодруулахад үнэхээр бие нь их тааруу байгаа гэж сонсогдов.

Эд эсийн үхжилт явагдан, нөхөн сэргээх эмчилгээ төдийлөн сайн хийгдэхгүй байгаагаас бие нь улам дордож байгаа гэнэ. Ялаа эдэлж буй шоронгийн эмнэлэгт нь тэр төрлийн эмчилгээ ховор, хэвтэж эмчлүүлж байсан 2-р эмнэлгийн эмч нарыг шоронд очин эмчилгээ хийж өгөөч гэхээр дургүйцээд байгаа бололтой. Хэвтрийн дэглэмд байсан өвчтнийг нь хүчээр авч явчихаад, дараа нь албатай юм шиг шоронд ирж эмчилгээ хийж өг гээд байвал ямар ч эмч нэг их дуртай байгаад байхгүй болов уу.

Мөн ойр дотныхон , найз нөхөд, намын журмын нөхөд нь энэ үед хэрхэн хандаж байгаа талаар сонирхон асуухад нэг их сүрхий эрүүл мэндийг нь анхаарч, ярьж хөөрөөд, хөөцөлдөөд байгаа хүн төдийлөн байхгүй байгаа аж. Үүнийг сонсоод, экс-ерөнхийлөгчид дуртай бус хэрнээ, хүчгүйг нь өмөөрдөг монгол зан гэнэт хөдлөн, үүнийг бичихээр суув.

Уг нь “цагийн сайханд” баахан хүмүүс л Н.Энхбаяраар хөтлүүлж, түүний нэр нүүрээр улс төрд хөл тавин, хангалттай их карьер хийн, их ч юм олсныг бүгд сайн мэдэж байгаа.

Тэгвэл, тэдгээр нөхдүүд үхэл амьдралын дэнсэн дээр байгаа яг энэ хэцүү үед нь хэрхэн тусалж, харж хандаж байгаа бол? “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэсэн сайхан үг байдагсан. Тэд бол юун “агт” байтугай их юмыг авсан хүмүүс шүү, яс үнэндээ бол. Энэ логикоор аваад үзвэл, тэд экс-ерөнхийлөгчдөө нэг жил байтугай хариу барих их өртэй улс! /Хэрэв монгол хүний ёс жудаг гаргаж чаддаг бол/

Одоо зарим ТВ-ээр хааяахан Н.Энхбаярын ид мандан бадарч явсан, тарган цатгалан, малигар үеийнх нь бичлэг цухас гарахад одооны энэ МАН-ын зарим “томчууд” далдаганаад байдгаараа долигночихсон дагаад явж байгаа харагддаг юм билээ.  Одоо харин яаж хандаж байгаа бол?...

Ингээд л бодохоор, энэ амьдрал, улс төр, албан тушаал, найз нөхөд бүгд хуурамч юм шиг хачин сэтгэгдэл төрөөд байгаан. Хүн өнгөтэй өөдтэй явбал өтний батгана шиг тал талаас нь шавчихаад, өвдөж зовоод, уруудаад ирэхийн цагт хүйтэн гөлгөр, хад чулуу шиг царай гаргацгаагаад, үнэн новшийн, ялангуяа энэ “балиар” улс төрчид!

Н.Энхбаярын хувьд монголын бүх хүнд байг гэхэд МАН-д бол яалт ч үгүй гавьяатай хүн. 1996 онд Ардчиллынханд “нам тавиулаад”, шаварт хутгалдан, шалбаагт хэвтэх дөхөж байсан уг намыг энэ эрхмийн “уран ухаанаар” аварсан гэхэд хилсдэхгүй. 2000 онд хуучин МАХН түүний хүчээр л бараг 100% ялалт байгуулж, түүнээс хойш ч олон жил рейтинг алдахгүй нэлээн явсан гээд тоочоод байвал их юм бий. Харин энэ гавьяаг жирийн иргэд санаад байхад, журмын нөхөд нь мартчихаад байгаа нь үнэхээр “эмгэнэл”.  МАН-ын өнцгөөс аваад үзвэл, Н.Энхбаяр олон хорт зулзага өөрөөсөө төрүүлээд, дараа нь тэдэндээ барьж идүүлдэг “Үр могойн үлгэрийг” санагдуулдаг юм.

За, тэр дээр үеийн МАН-ын “найзууд” байг гэхэд, одооны энэ шинэков МАХН-ын журмын нөхөд нь яаж хандаж байгаа бол?

“Шал сураггүй гарууд” энэ хүний нэр нөлөөгөөр УИХ-ын эрхэм гишүүний зөөлөн сэнтийд залран, бас болоогүй бүгд шахуу, байнгын хороон дарга, дэд хороон дарга гээд албан тушаалтай болцгоосон. Гэтэл зарим үед ч “та нар хэний хүчинд хэн болчоод...” гээд тэр Цолмон хатагтайдаа загнуулж байхдаа таарсан нөхдүүд шиг санагдаад байгаан.

Дам сураг сонсоход, зарим акул гишүүдэд “бацаанаар” дуудуулаад байгаа нөгөө Баасанхүү гишүүн л эмчилгээ сувилгааны талаар ганц нэг хүнтэй яриад байгаа гэсэн. Зөв, эр хүн!

Эртэй сайндаа эрхэм гишүүн болцгоочихсон мэт дүрдээ итгээд, урьд өмнөхөө мартаад байвал үнэн шог биз дээ...

Д.Мягмарсүрэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top