Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн юм. Тэдгээрээс хамгийн ихээр анхаарал татаж байсан асуудал нь гурав дахь асуудал байв. Тодруулбал Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Б.Цогоог томилуулах асуудал байсан юм. Уг асуудлыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжлээ. Д.Зүмбэрэллхам эрдэм шинжилгээний ажил хийх шаардлагатай байгаа тул үүрэгч ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн юм байна. Тэрбээр 2012 оны арванхоёрдугаар сарын 27-ний өдөр УИХ-ын даргад хандан гаргасан өргөдөл өгсөн бөгөөд үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Цог “Ажлаа хийх зуураа эрдэм шинжилгээний ажлаа хийж болдоггүй юм уу. Заавал ажлаа өгч байж эрдмийн ажил хийх нь ямар учиртай юм. Өөр бусад шалтгаан байгаа юм биш биз” гэж байнгын хороон дээр лавлаж байв. Д.Зүмбэрэллхам: “Эхлүүлсэн ажлаа дуусгахад албан тушаалаасаа чөлөөлөгдөх зайлшгүй шаардлага үүссэн” гэж ажлаа өгч байгаа шалтгаанаа тодруулав. Улмаар түүнийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг байнгын хорооны гишүүд дэмжиж уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр боллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )