Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тойм

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 03

 

Өнөөдрийн төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ.  Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улмаар  гишүүдийн олонхийн саналаар дэмжиж,  чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан энэхүү хуулийн төсөлд үндсэн хоёр зүйлийг өөрчлөх талаар тусгасан юм. Тодруулбал УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдээд газар дээрээ баригдсан бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн  мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн Улсын Ерөнхий прокурорын зүгээс гэмт хэрэгт холбогдсон гишүүнийг яллагдагчаар татах хүсэлтийг гаргаж болно гэсэн өөрчлөлт юм. Харин хоёр дахь өөрчлөлтөн дээр гишүүдийн санал зөрөлдөж удаан маргалдав. Улмаар уг заалтыг хасах санал гаргасан нь гишүүдийн дэмжлэг хүлээлээ.

Байнгын хороогоор хэлэлцсэн хоёр дахь асуудал нь  Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төсөл байв. Уг тогтоолын төсөлын агуулагыг товчхон танилцуулбал өмнөх парламентын үед УИХ-ын даргын ажлын албаны орон тоог Төрийн байгуулалтын байнгын хорооноос баталж өгдөг байсан юм. Харин энэ тогтоолын төсөл батлагдснаар УИХ-ын дарга өөрөө орон тоогоо батлах захирамж гаргах ажээ. Ингэхдээ УИХ-ын даргын ажлын хэсэг өмнө нь зургаан орон тоотой байсан бол одоо ес болгож нэмэгдүүлж байгаа юм. Энэ асуудлыг гишүүд дэмжин, чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.

Үүний дараа   Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хээлцэж олонхийн саналаар дэмжигдсэн юм.  Ингээд  дээрхи асуудлуудыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр боллоо.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top