Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг яг одоо чуулганаар ярилцаж байна.
Энэхүү хуульд аймаг, нийслэлийн шүүхийг иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болгон өөрчилж, нутаг дэвсгэрийн ойр байдлаар бүсчлэн, шүүх байгуулах газрыг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд заасны дагуу байршуулжээ. Иймд хэргийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан 2-3 аймгийн давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар эрүүгийн давж заалдах шатны 9 шүүх, иргэний давж заалдах шатны шүүх 9 шүүх гээд нийт 18 шүүхийг тойргийн журмаар байгуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Түүнчлэн сум дундын 29, Захиргааны хэргийн анхан шатны 22, дүүргийн эрүүгийн 4, иргэний 4 нийт 59 шүүхийг байгуулах аж. Сум дунд Захиргааны болон дүүргийн шүүхийг байгуулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа тухайн аймгийн нутаг дэвсгэрийн байршлаас үл шалтгаалан иргэдэд ойр сум, дүүрэгт харъяалуулсан нь шүүхийн үйлчилгээг иргэдэд аль болох ойртуулах гэсэн хуулийн үндсэн санаа бөгөөд шүүхийн үйлчилгээг ард иргэд хүндрэл, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг хангах, гэмт хэргийн гаралт, хүн амын өсөлт зэргийг тооцож харъяаллыг тогтоосон байна.
Давж заалдах шатны шүүхэд одоогийн байдлаар 101 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 57 орон тоо нэмэгдэж 158 шүүгч ажиллахаар, захиргааны хэргийн анхан ба давах шатны шүүхэд одоо 76 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 36 орон тоо нэмэгдэж 112 шүүгч ажиллахаар, сум дундын шүүхэд 170 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 57 орон тоо нэмэгдэж 227 шүүгч ажиллахаар, дүүргийн шүүхэд 91 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 93 орон тоо нэмэгдэж 184 шүүгч ажиллах аж.
Тэгвэл 18 шүүхийг тойргийн журмаар байгуулна гэж байгаа нь онол, та нар практикаа бодоод үзээрэй. Давж заалдах гээд өөр аймаг руу явна гэдэг асуудал шүү гэдгийг гишүүд шүүмжилж байв. Үүнээс гадна давж заалдахаар өөр аймагт очлоо гэхэд санхүү, байрлах байрнаас эхлээд олон асуудал байгааг гишүүд шүүмжилсэн ч шүүгч болон хуулийн төслийг санаачлагчид зөв хэмээн “гүрийсээр” 30 минут боллоо. Маргаан одоо ч үргэлжилсээр байна. Маргаанд хэн ялсныг бид шуурхай мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )