“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн арвангурван оны эхний дугаар гарчээ. Тус дугаарт Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийг дагалдаж гарсан хуулиудын хамт бүрэн эхээр нь нийтэллээ. Уг хуулиар хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх үүргийг тодорхойлж, уг вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах ажээ. Энэ хуулийг дагалдаж гарсан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний биеийн эрүүл мэндийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол түүнийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзах, эсхүл эрхэлж байгаа ажлаас нь халахыг хориглосон байна. Мөн ажил олгогч хомсдолтой нь тогтоогдсон ажилтны талаарх холбогдох хуульд заасан мэдээллийг задруулахыг хоригложээ.
Эмхэтгэлд олон улсын зарим протоколыг соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг нийтлэв.
Эмхэтгэлийн шинэ оны анхны дугаарт, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтэллээ. Эдгээр хуулиар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах, Засгийн газрын хөтөлбөрийг хэлэлцэх, нам, эвслийн бүлэг завсарлага авах, бүлэг эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна.
Мөн дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан байна. Тухайлбал, сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлах, ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байх, гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах өдөр нь гурав хүртэл өдөр байж болохоор хуульчилсан байна.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх журмыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулжээ.
Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт нийтлэгдсэн, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, Сонгуулийн ерөнхий хорооноос шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргах зэрэг заалт нэмсэн байна.
Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох зорилгоор гаалийн байгууллагад ямар бичиг баримт бүрдүүлж өгөх талаарх мэдээллийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэн Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиас авч болно.
Эмхэтгэлд, Улсын Их Хурлын зарим тогтоолыг нийтэллээ. Тэдгээрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New image Cast” автоматжуулах техник хэрэгслийг хэрэглэхийг тус тус зөвшөөрсөн тогтоолыг нийтлэв.
Шинэ дугаарт, Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг хавсралтын хамт нийтэллээ. Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 70200 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2013 оны 3 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох сайдад даалгасан байна.
Сэтгэгдэл ( 0 )