Төрийн ордонд нэвтрэх УЛААН тамга ба ЦЭНХЭР өнгө

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

1992 онд болсон УИХ-ын анхны сонгуулиар Ардчиллын хүчнүүд навс ялагдаж УИХ-ын 76 суудлаас дөнгөж 6 суудал авч байсан санагдана. Тухайн үед  ардчиллын салхи жинхэнэ утгаараа сэвэлзэж, өдгөө олигархи, луйварчин дээрэмчин хэмээн цоллуулаад буй нөхдүүд гэдсэндээ хоолгүй, сэтгэлдээ галтай нөхдүүд байлаа. Нийгмээ шинэчилж, ардчиллын төлөө чухамхүү  цамцаа дэрвүүлэн гүйж явсан ардчилсан хүчний анхдагчууд ийнхүү ялагдал хүлээсэн нь дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болж байсан биз ээ. Гэхдээ өнөөдөр ялагдал хүлээгээд буй МАН-ын нөхдүүдээс ч долоон дор ялагдаж байсан хэдий ч эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэгчээр АН аль хэдий эрийн цээнд хүрч, эх орныхоо эзний албыг атгасан. Гэсэн хэдий ч ардчиллын салхийг сэвэлзүүлж, Монголчуудаа дэлхийгээр “хэрэн тэнэх” эрх олгосон хэмээн ташаа тулан ханхалздаг “цэнхэр” өнгөт улстөрийн хүчнийхэн өдгөө шүүмжлэлийн бай болоод буй. Гэхдээ аливаа зүйлийг хийж буй нь шүүмжлэлд өртөхөөс бус юу ч хийгээгүй хүн шүүмжлэлд өртдөггүй хэмээдэг ч Засгийн эрхийг атгасан улстөрийн хүчин жинхэнэ ардчиллыг хумьж, сандал суудлын төлөө, Засгийн эрхийг дангаараа атгахын төлөө улайран зүтгэж байгаа дүр зургийг ард түмэндээ харуулсан. Нэг үгээр хэлбэл УИХ-ын гишүүний суудалд суух эрхийг буюу Төрийн ордонд нэвтрэх визийг АН өгч байна гэхэд хатуудахгүй болж.

Он гарахын өмнөхөн УИХ-ын гишүүний тангарагаа өргөсөн Д.Арвин гишүүн Хэнтий аймагт дархлаагаа тогтоосон нэгэн байв. Гэвч өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулиар намынхан нь түүнийг Хэнтийгээс шахаж нийслэлийн хамгийн ширүүн өрсөлдөөнтэй тойрог болох Баянзүрхэд хуваарилсан хэдий ч бас л олонхийн саналыг авсан. Гэвч сонгогчдын ирц хүрээгүй гэх шалтгаанаар хэдэн сарын турш “сул” байсны дараа орон нутгийн сонгуультай зэрэгцэн санал хураалт явуулсны эцэст дахин олонхийн санал авсан юм. Гэтэл өмнөх сонгуулийн нэгэн адил сонгогчдын ирц хүрээгүй гэх шалтгаанаар асуудал бүдэг хэвээр байсан ч УИХ-д олонхийн ноёрхол тогтоож бас СЕХ-г атгасан АН-ынхан асуудлыг шийдсэн. Энэ нь “Дахин санал хураалтын ирц хүрээгүй нөхцөлд тэгнэ ингэнэ” гэсэн зааль хуулинд байхгүй. Тиймээс Д.Арвинг ялсанд тооцож УИХ-ын гишүүний тангарагийг өргүүлэх нь зүйтэй хэмээн цааргалалгүй шулуулхан шийдсэн нь хөшигний ард хийгдэж байсан улстөрийн наймаатай холбоотой болох нь хожим олонд ил болсон. Өөрөөр хэлбэл Д.Арвин УИХ-ын гишүүний тангарагаа өргөснийхөө дараахан АН-д элсэж намын батлахыг нь Ерөнхий сайдаас гардсан сонирхолтой түүхийг бичсэн юм. Энэ бүхнийг нэг өгүүлбэрээр хэлбэл АН Төрийн ордонд нэвтрэх “виз”-ний улаан тамгыг дарж байна гэхэд болно.

Гэтэл саяхан бас нэгэн “Бор шувуу” төрийн ордонд жиргэсэн нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс УИХ-д орж ирэх ёстой Ц.Оюунбаатартай холбоотой. Намынхаа жагсаалтад бичснээр бол тэр гарцаагүй тангараг өргөх ёстой байсан. Гэвч намын дарга Н.Энхбаярын хэрэг хэрхэн шийдвэрлэгдэхийг харж хүлээж байна хэмээн хойш тавьсаар саяхан болсон төдийгүй сүүлдээ өөрийн зайгаа Н.Энхбаярын хүү Э.Батшугарт тавьж өгч магадгүй гэсэн “Шум” дэгдсэн нь АН-ынханд өгөөш болсон. Мэдээж хүссэн болгон хүрээд байдаггүй эл суудал “Сул” шахам ороод ирж байхад хэн хойш гэдийж татгалзах вэ. Ц.Оюунбаатарын тухайд ч санал нэг байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Харин намын зүгээс хэрэгжүүлж буй бодлогод нийцүүлэх гэж өдийг хүртэл эрхэм гишүүн “цолноосоо” татгалзаж байсан түүнийг АН-д элсэж магадгүй гэх салхи салхилж эхэлсэн учраас намынхан нь түүнийг тангараг өргөхийг зөвшөөрсөн гэх. Тэгэхээр яалт ч үгүй АН төрийн ордонд нэвтрэх визний улаан тамгыг нь дарж.

Бас Өвөрхангайд нэр дэвшигчдийн асуудал байна. Уг нь МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Н.Чинзориг, Ш.Төмөрхүү нар ялалтын улаан туг өргөсөн хэдий ч сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд ашигласан гэх шалтгаанаар цагаан тугийг нь өргүүлж оронд нь Г.Батхүүг тангараг өргүүлсэн. Ёстой л олны сүр хүчийг харуулан тангараг өргүүлсэн гэж болно. Энэ мэтээр Төрийн ордонд нэвтрэх визний улаан тамгыг цэнхэр намынхан олгодог боллоо. Одоо нэг ангийнхан бүрэн бүтэн болж халуун ам бүлээрээ суухад хоёрхон суудал дутуу байгаа. Тэдний нэвтрэх визэнд мөн л цэнхэрүүд улаан тамга дарах нь тодорхой.  

Ж.Хулан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top