Ерөнхийлөгч хуулиа мэдсэнгүй юу? Эсвэл...

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа  Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу  Б.Цогоог томилох эсэхийг хэлэлцсэн. Гэвч энэ нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү,  Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр нарын  дунд хуулийг тайлбарлах маргаан үүсгэв.  Улмаар асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан юм. Энэ нь ч  учиртай. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухайн хуулийн 34.7-д Зөвлөлийн даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын дадлага, туршлагатай, ял шийтгэлгүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна” гэж заажээ.  Тэгвэл  Төрийн албаны зөвлөлийн даргад “нэр дэвшээд” байгаа  Б.Цогоо нь 1956.02.25-д төрсөн.  Инженер-эдийн засагч мэргэжилтэй. 1981-1995 онд Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд мэргэжилтэн, референт, секторын эрхлэгч, орлогч захирал, 1995-2004 онд ОХУ-ын Москва хот дахь Шинжлэх ухаан техникийн олон улсын төвд Монгол Улсын төлөөлөгч, 2004 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны газрын дарга, 2004-2005 онд МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал, 2005-2009 онд “Крафт интернэйшнл” ХХК-ийн захирал, 2009 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа юм байна.  Намтраас нь үзвэл  Б.Цогоо нь төрийн жинхэнэ албыг гурван жил хашсан байгаа юм. Өөрөөр хэлбэл тэрбээр Б.Цогоогийн 1981-1995 онд ажиллаж байсан  Шинжлэх ухаан, техникийн улсын хороо нь өөрөө боловсролын байгууллага  бөгөөд энд ажилладаг хүн нь төрийн жинхэнэ албан хаагч бус төрийн үйлчилгээний ажилтан юм. Энэ утгаараа тэрбээр Төрийн албан хаагчийн тухай хуулийн 34.7-г хангаж чадахгүй болж байгаа.  

Эндээс нэг бол Ерөнхийлөгч хуулиа мэддэггүй болохоор Б.Цогоог санал болгосон.  Эсвэл Ерөнхийлөгчийн нэрийг барьж зарим нэгэн нь Б.Цогоог зүтгүүллээ гэсэн хардлага төрж байна. Гээндээ  ч бий, гоондоо ч бий гэдэг шиг Ерөнхийлөгчөө, Ч.Өнөрбаяр зөвлөхөө  ажилдаа анхааралтай хариуцлагатай хандвал яаж байна?

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top