УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10:00 цагаас эхлэх байсан. Харин 12:00 цагийн байдлаар гишүүдийн ирц хүрээгүй л байв. Үүний улмаас чуулганы үдээс өмнөх хуралдаан цуцлагдлаа. Хурлыг хойшлуулахад УИХ-ын чуулганых хуралдааны танхимд 35 гишүүн байсан юм. Чуулган завсарлах болосн талаар УИХ-ын гишүүд ингэж тайлбарллаа.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд: “Бид УИХ-ын үйл ажиллагааг ёс журам, хуулийн дагуу явуулъя гэж хичээж байна. Өнөө өглөө манай бүлгийн хурал хуралдаад чуулганы хуралдаанд өндөр ирцтэй оролцох, хуулийн дагуу санал хурааж байх талаар ярилцсан. Тиймээс энэ ажлыг бид өөрсдөөсөө эхлүүлэх ёстой гэж үзэж байна. Зарим нэгэн хуралдаан дээр ирц хүрэхгүй, үүний улмаас ирээгүй байгаа гишүүдийн өмнөөс кнопыг нь дарж санал өгдөг үзэгдэл байнга гарч байгаа. Гэтэл төрийн ажлыг ингэж авч явж болохгүй, хуулинд ч ийм заалт байхгүй. Байхгүй байгаа гишүүний оронд кноп дарж санал өгнө гэдэг хууль зөрчиж байгаа хэрэг. Ирцийг ирсэн хүн нь бүртгүүлээд чуулганаа явуулах нь хамгийн зөв гарц. Манай бүлгийн гишүүд хуралдаанд оролцоход бэлэн байгаа. Одоо олонх ирцээ бүрдүүлэх юм бол бид хуралдаандаа оролцож асуудлуудыг хэлэлцэнэ. Гэтэл гадаадад явсан М.Батчимэг, С.Баярцогт хоёр гишүүнийг ирсэн гэж бүртгэсэн байна. Ингэж дутуу ирцийг бүрэн юм шиг бүрдүүлээд, өмнөөс нь кноп дардаг байж болохгүй гэсэн үүднээс хандаж байна.” гэлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: “Бид бол ард иргэдийг төлөөлж УИХ-д сонгогдсон гишүүд. Тиймээс төрийн ажлыг гацаалгүй түргэн шуурхай, үнэнчээр хийх ёстой. Гэтэл байнгын хороод болон чуулганд ирц хүрэхгүй нэгнийхээ өмнөөс нөгөө нь шийдвэр гаргадаг байдал үргэлжилсээр байна. Тиймээс ард түмний төлөө бид ажлаа хийж байгаа учир хариуцлагатай, санаачлагатай байх ёстой. Тиймээс ч хурууны хээгээр бүртгэдэг болох санаачлан дэвшүүлээд байгаа. Ард түмний итгэлээр гарч ирсэн гишүүд өндөр ирцтэй, хариуцлагатай байх шаардлагатай байна” гэв.
Энэ байдлаараа үдээс хойшх чуулган мөн хуралдахгүй нь бололтой. Тэгэхээр намын бүлгүүдийн зөвшилцөлд хүрэхийг хүлээх л үлдлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )