Монгол Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Завханаас төрөх үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 04

Завханаас Ерөнхийлөгч төрдөг “гэм” бий. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёрдахь Ерөнхийлөгч Н.Багабанди нар Завхан нутгийнх. Өдгөө муу нэртэй, луу данстай болоод буй Н.Энхбаяр ч гэсэн Завханчуудын дэмжлэгтэйгээр УИХ-ын босгыг алхаж байсан юм. Өөрөөр хэлбэл Н.Багабандийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан УИХ-ын гишүүний ширээгээ орхиход нөхөн сонгуулиар Завханд очиж нэр дэвшээд улстөрийн өндөрлөгт эргэлт буцалтгүйгээр хөл тавьж байсан түүхтэй. Ерөөс түүний Ерөнхийлөгч болсон өндөр их тавиланг цаст Очирваань хайрласан гэх яриа ч байдаг. Харин хожим нь Очирваанийн тахилгад очих үедээ мориноосоо унасан нь их улстөрөөс хөл алдан унах эхлэл нь болсон хэмээдэг.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр төрийн тахилгат Богд Очирваанийн хормойд төмөр хүлгээсээ бууж унаа сэлгэх үедээ морь унахыг хүсэж нутгийн малчны азарга адуунаас хамгийн номхон дөлгөөнийг нь эмээллүүлж бэлтгүүлсэн боловч түүнийг мордох үед нь бусгасан морь тэр даруйдаа газар унасан нь нуруу хугарсных гэх. Үнэхээр унасан мориных нь нуруу хугарсан уу яасан, ямартай ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр морьтойгоо “хамт газардсан” түүх бий. Түүний морьтойгоо хамт унаж буй бичлэг ч тухайн үед телевизүүдийн мэдээний гол сэдэв болж нэг хэсэгтээ л дуулиан шуугиан болсон юмдаг.  

Ерөнхийлөгч асаны эл явдлын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болж АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг далаар нь цэвэр тавьсныг мөнөөхөн унасан адуутай холбоотой хэмээн сүсгэлдэг хэсэг бий.

Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн марафонд оролцохыг хүсэгчдийн нэр мэр сэр дуулдаж эхэллээ. МАН-аас М.Энхболд, У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ нарын нэр сонсогдож байсан. Гэтэл сүүлийн өдрүүдэд Завханаас сонгогдсон Д.Оюунхорол гишүүнийг нэр дэвшүүлж магадгүй гэсэн яриа газар авав. Намынхан нь түүнийг туршлагатайгаас гадна нэр цэвэр хэмээн үнэлж намынхаа нүүр царай болгон Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэх.

Улстөрийн хүрээнийхний хувьд Дархан аварга Б.Бат-Эрдэнийг магадлал өндөртэй хэмээж байсан юм. Гэсэн ч УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ынхан нэр цэвэр эмэгтэй хүн өрсөлдөгчөө буулган авч магадгүй хэмээн “горьдож” Д.Оюунхоролыг сойж байгаа бололтой. Тэр ч бүү хэл Д.Оюунхорол гишүүний гол өрсөлдөгч нь АН-аас нэр дэвших одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бус ИЗНН-аас нэр дэвших магадлал өндөр байгаа УИХ-ын гишүүн С.Оюун гэнэ. Хэрэв УИХ-ын гишүүн С.Оюун нэр дэвшсэн тохиолдолд санал хуваах магадлал өндөр байгаа төдийгүй хүчтэй өрсөлдөгч байна хэмээн намынхан өөр хоорондоо жиг жуг гэлцэж байгаа аж. Ямартай ч Завхан нутгаас Ерөнхийлөгч төрдөг “гэм” бий учраас МАН-ынхан УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд ихээхэн итгэл үүрүүлэх нь тодорхой.

Гэхдээ эмэгтэй нэр дэвшигчдийн тухайд дээрх 2 гишүүнээр хязгаарлагдахгүй нь бололтой. Сүүлийн үед МАХН-аас нэр дэвших нь тодорхой гэгдэж байсан Н.Энхбаярын оронд эхнэр О.Цолмон нь нэр дэвшинэ гэх “бор шувуу” өнгөрсөн оноос эхлэн ниссэн. Нөхрөө далдаас удирддаг, Н.Энхбаяр О.Цолмонгийн даалгавараар хөдөлдөг гэх яриа Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед хүчтэй яригддаг байсан хэдий ч түүнийг өндрөөс бууж, өрөөнөөсөө гарснаас хойш нам гүмхэн байх болсон. Хэрэв энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд О.Цолмон хатагтай нэр дэвшвэл дээрх яриа ортой болж үлдэнэ. Улстөрийн ашиг хонжоо, панз наймаа хүчтэй явагдаж байгаа өнөө үед түүнийг нэр дэвшиж чадах эсэхийг харж л байя. Харин Ерөнхийлөгч төрүүлдэг Завхан нутгаар овоглодог хатагтайн нэр дэвших асуудал хаашаа эргэхийг цаг хугацаа харуулна биз ээ.

Ж.Хулан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top