УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдын ирэх хавар улсын хэмжээнд хийгдэх бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар гишүүд мэдээлэл сонсч, сонирхсон асуултдаа хариулт авлаа. Эл мэдээллийг УИХ-ын гишүн С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл Я.Санжмятав, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, С.Одонтуяа, Р.Бурмаа, А.Бакей, С.Дэмбэрэл, С.Ганбаатар, Н.Батбаяр, Н.Батцэрэг, Л.Цог, О.Баасанхүү, Ц.Цолмон, М.Сономпиль нарын 16 гишүүн сонслоо.
Манай орны нийт нутгийн 80 орчим хувьд цастай, 15 аймгийн 55 суманд 20-60см зузаан, хунгарлаж шуурсан газраа 130см хүртэл нягтарсан цастай болжээ. Өвөлжилт хүндэрсэн 55 сумын 27189 малчин өрхөд 5.5 сая мал өвөлжиж байна. Цаашид цас нэмж орж хүйтэрвэл 17 аймгийн 91 суманд өвөлжилт хүндэрч болзошгүй гэж Ерөнхий сайд хэллээ. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад Онцгой байдал, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнээс нийт 1109 цэргийн алба хаагч ажиллаж байгаа ба цэргийн дүйцүүлэх албаны 1938 иргэнийг нэмж дайчлан ажиллуулах боломжтой байна. Түүнчлэн, цасанд боогдсон зам, давааны цасыг цэвэрлэж зайлуулах, хальтиргаа гулгааг арилгах үүрэгтэй Шуурхай ажлын хэсэг 24 цагаар ажиллаж байна гэв.
Эрчим хүчний салбарын хувьд өнгөрөгч 10 дугаар сарын 1-нээс өвлийн их ачаалалд орж, одоо өвлийн их ачааллын батлагдсан горимоор хэвийн ажиллаж байна. Энэ салбарын үйлдвэр, компаниуд өнөөдрийн байдлаар 210 мянган тонн буюу станцуудын дунджаар 13 хоногийн нөөцтэй байна гэдгийг мэдээллээ. Бид Ерөнхий сайдын мэдээллийн үргэлжлэлийг тун удахгүй хүргэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )