УИХ-ын гишүүн Н.Энхболд: МАН-ын гишүүд нэг байнгын хороонд хамаарагдаж байгаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 05

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдоос хэзээ чуулганд суух талаар болон бусад цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

- МАН-ын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй байгаа юм бэ?

-Манай намын бүлэг өнөөдөр өглөө хуралдаад /өчигдөр/ УИХ-аар  хэлэлцэж байгаа асуудлыг шинэ төвшинд гаргах, чанаржуулах, хуулийн дагуу ажилладаг болгохын тулд хамгийн түрүүнд ирцийг ном журмын дагуу бүрдүүлдэг болгох хэрэгтэй гэж үзсэн. Гишүүд ирээгүй байхад картыг нь хийгээд ирц бүрдсэн маягаар хурал эхлүүлдэг. Ингэж эхлээд дахин ирээгүй гишүүдийн өмнөөс кнопыг нь дарж, санал өгдөг. Энэ бүгд хуулиар хориотой зүйл.

Өнөөдрийг хүртэл ийм байдалтай байхад хэн ч юм хэлдэггүй байсан. Хүний өмнөөс кноп дарж байгаа нэгэнд нь ч хариуцлага хүлээлгэдэггүй байсан. Одоо энэ нь газар авсан түвшинд хүрээд байгаа. Олон чухал асуудлыг ирц хүрээгүй байхад шийддэг энэ байдал хамгийн зохисгүй. Тиймээс бүлгийн гишүүд хуулийн дагуу шаардлага тавьж, өөрсдөө үлгэр жишээ үзүүлье гэж шийдсэн. Үүнийгээ бусад бүлэг,  гишүүдэд ойлгуулах үүднээс  манай намын гишүүд чуулганд оролцоогүй. Ирц бүрдэх үү? Үгүй юу гэдгийг харахаар шийдсэн. Тэрнээс биш хэлэлцэх асуудлууд дээр хойш нь чангаагаад байх асуудал байгаагүй.

-  Энэ үйлдлийг АН, “Шударга ёс” эвсэл харин шантааж гэж мэдэгдэж байна?

- Ямар ч шантаажны зүйл байгаагүй. Ер нь хурлаа хийгээд л санал хураах болохоор дэмжигдэхгүй унадаг тохиолдол олон гардаг. Мөн байнгын хорооны хурал дээр ч ирц хүрдэггүй. Одоогоор нэг гишүүн гурван байнгын хороонд харъяалагдаж байна. Гэтэл энэ гуравт гурвууланд нь адилхан ирцтэй, санаачлагатай ажиллах хэцүү. Үүнээс болж есөн хүний бүрэлдэхүүнтэй байнгын хорооны хуралдаан таван хүний саналаар асуудлыг батлан чуулганаар хэлэлцүүлж байна.

-  УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь ээ?

-Бид өнөөдөр байнгын хорооны гишүүдийн тоог нэмэх, гурав биш хоёр байнгын хороонд хамаарагддаг байх талаар хуулийн төсөл боловсруулсан. Сая даргын зөвлөлийн хурлаар орж дэмжигдсэн болохоор дараа долоо хоногоос чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж эхлэх байх. Энэ нь МАН-ын бүлгийн  зүгээс байнгын хороонд гишүүдээ түлхүү оруулах гэсэн оролдлого биш Их хурлыг чанартай хуралддаг болгох талаарх асуудал.

-Танай намаас гишүүд одоогоор ямар байнгын хороодод хамаарагдаад байгаа вэ?

-Нэг байнгын хороонд 19 гишүүн хамаарагддаг. Гэтэл манай намыг бүлэггүй байх хугацаанд байнгын хорооны хувиарлалт хийгээд нэг байнгын хороонд 15-16 гишүүн аль хэдийнээ орсон. Тэгэхлээр МАН-ын гишүүд маань нэг нэг байнгын хороонд л орох боломжтой болж байгаа юм. Энэ нь байнгын хороогоор дамжуулж УИХ-д оролцох боломжгүй болгож байна. Өнөөдөр УИХ-д Ардчилсан нам УИХ-д 43 хувь, МАН 35 хувь, бие даагчид эвсэл үлдсэн хувийг эзэлж байгаа. Байнгын хорооны хуралдаан ч мөн энэ хувийн дагуу хувиарлагдах ёстой гэж бид үзэж байгаа. Ингэхийн тулд хуулинд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Түрүүлж орсон нь олонх болчихоод одоо та нараас нэг нь ор гэх нь парламентын ёс зүйд нийцэхгүй.

-Та аль байнгын хороонд орсон бэ?

-Би өөрөө Аюулгүй байдал гадаад бодлого, Төрийн байгуулалтын байнгын хороонд орох хүсэлтээ гаргасан. Одоохондоо ганцхан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын  хороонд орсон байгаа. Бусад гишүүд ч мөн нэг байнгын хороонд хамаарагдаж байгаа.

- Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл болон бусад туршлагатай улс төрчид аль байнгын хороонд орсон бэ?

- Хууль зүйн байнгын хороонд Ц.Нямдорж гишүүн орсон. Байнгын хорооны хуваарлалтыг  тухайн хүний мэдлэг туршлагыг харгалзан үзсэн.  Таны асуусан гишүүдийн хувьд Төрийн байгуулалт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд орох болсон.

-Ирэх долоо хоног МАН-ынхан чуулган, байнгын хорооны хуралдаанд оролцох уу?

-Ямар ч асуудал байхгүй, оролцоно. Гэхдээ ирцийн асуудлаа тавих болно. Өнөөдөр ч манай намын гишүүд хуралдаа оролцоход бэлэн байсан. Гэхдээ олонхийн ирц бүрдээгүй учир хуралдаа ороогүй.

- Тодруулга өгсөн танвд баярлалаа.

А.Баярмаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top