УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн хуралдаанд Засгийн газраас гаргасан бонд болон МАН ялсан аймаг, дүүрэгт ямар шалтгаанаар Засаг даргыг томилохгүй байгаа талаар Ерөнхий сайдаас мэдээлэл сонсохыг хүссэн ч ирээгүй байна. Үүнийгээ Ерөнхий сайд “Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Засгийн газрын цаг дээр уг асуудлаар мэдээлэл хийсэн тул бүлгийн хуралдаанд оролцох шаардлага байхгүй” гэсэн хариу өгчээ. Харин МАН-ын бүлгийн гишүүд уг мэдээллийг хангалтгүй хэмээн үзсэн байна. Энэ асуудалтай холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвүшин: “Орон нутгийн сонгууль болж өнгөрөөд 48 хонож байна. Энэ хугацаанд Ерөнхий сайд МАН ялсан есөн аймгаас ердөө гурван Засаг даргыг батламжилсан бол дөрвөн дүүргээс Чингэлтэйн Засаг даргыг л хотын дарга батламжиллаа. Засаг даргыг батламжлахгүй удаж байгаа нь цаанаа улстөрийн шалтгаантай гэж хардахад хүргэж байна. Яагаад гэвэл Ардчилсан намынхан олонхи болсон аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд гурван цагийн дотор батламжилдаг. Тухайлбал, Хөвсгөл аймгийн ИТХ нь гурван удаа хуралдаж Засаг даргынхаа нэрийг Ерөнхий сайдад санал болгоод байхад хүлээж авахгүй батламжлахгүй байсаар эцэст нь тус аймаг дахь Ардчилсан намын даргыг Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр тавьсан байна. Хуульд гурван удаа Засаг даргын нэрийг Ерөнхий сайдад санал болгоно гэсэн заалт байхгүй. Энэ нь өөрөө Ерөнхий сайд хууль зөрчиж байгааг харуулсан хэрэг. Мөн хуульд Засаг даргыг Ерөнхий сайд нь батламжилдаг болохоос биш Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилдог юм биш. Энэ бас хууль зөрчсөн үйлдэл. Ийм хууль зөрчсөн үйлдлийг Ардын намынхан хүлээн зөвшөөрөөд дуугүй сууна гэж байхгүй, шүүхэд хандана. Шат шатны байгууллагад хандана. Эцсийн дүндээ Ерөнхий сайдын өөрийнх нь энэ хууль зөрчсөн үйлдэл нь орон нутгийг бужигнуулж, ард иргэдийн төрд итгэх итгэлийг эвдэж байна. Өнөөдөр Багануур, Налайх дүүрэг тус бүр хоёр Засаг даргатай болчихоод байна. Багануур дүүргийнхэн хаалга үүдээ эвдлээ гэх мэдээллийг ирүүллээ. Дорнод аймгийн Засаг даргыг батламжлахгүй байна, Хөвсгөл аймаг шиг юм болж мэдэхээр байна. Эцэст нь нэмж хэлэхэд түүхэндээ Н.Алтанхуяг Ерөнхий сайд шиг гишүүдийг намаар нь ялгаварлан гадуурхсан Ерөнхий сайд томилогдож байгаагүй гэдгийг хэлэхийг хүсч байна” гэдгийг онцолон тэмдэглэв.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )