АН чуулганы ирцийг бүрдүүлэх хуулийн төсөл санаачилна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 07

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа өнөөдөр хийлээ. Үүний дараа тэд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Бүлгийн хуралдаанаар чуулганаар хэлэлцэх асуудал болон  өнгөрсөн пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудалд үнэлэлт дүгнэлт өгсөн байна.  

 
Өнгөрсөн пүрэв, баасан гаригт УИХ-ын чуулган хуралдах байсан ч ирц бүрдээгүй.  Үүүний улмаас хэлэлцэх асуудлуудыг долоо хоногоор ухраасан. Үүнийг АН-ынхан МАН-аас болсон гэж үзэж байгаа юм. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: “Төрийн ажлыг намын ажил болгож байна. МАН-ын гишүүдийг нам нь сонгоогүй. Ард түмэн сонгосон” гэдгийг онцлов. Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Кнопдохыг болиулах гээд чуулганыг завсарлуулж, төрийн ажил гацлаа. Үүнийг АН хэрхэн дүгнэж байна вэ?

-Өнгөрсөн тав дахь өдрийн хуралдаан ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар чуулганы хуралдаан тасалдсан. Би АН-ын бүлгийн ахлагчийн хувьд нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Тэр юу гэвэл МАН УИХ-ын болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар албан ёсны бүлэгтэй болсон. Бүлэгтэй болох асуудлыг АН-ын бүлэг дэмжсэн. Бид энэ улстөрийг илүү хариуцлагатай зохион байгуулалттай болгох нь зүйтэй гэж үзсэн. Аливаа нэг асуудлыг гишүүн болгон өөрийнхөөрөө тайлбарладаг явдал парламентад байж болохгүй гэж бид үзсэн юм. Тиймдээ ч оны өмнөхөн хуулийг баталсан. Харамсалтай нь өнгөрөгч тав дахь өдөр МАН хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Манай намынхныг ирцээ хангахгүй бол бид хуралдаанд оролцохгүй гэж хэлсэн.

Ийм дээрээ тулах юм бол МАН яах гэж бүлэгтэй болсон юм. Бүлэг бол улс төрийн хариуцлага хүлээж байгаа албан ёсны бүтцийн байгууллага. Хэрэв аливаа бүлэг хэлэлцэж байгаа асуудлаар санал нэгдэхгүй байгаа бол чуулганы хуралдаан дээр албан ёсны байр сууриа илэрхийлж завсарлага авах ёстой. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Зүгээр төрийг гацаах гэж байгаа бол бид өөр байр сууринаас хандахаас өөр арга байхгүй.

- Хуулийн зохицуулалт байдаггүй юм уу?

-Хуулийн төсөл санаачлахгүй бол болохгүй нь. УИХ дахь бүлэг энэ парламентад хариуцлага үүрэх ёстойн хувьд бүлгийн гишүүдийн 50-иас доошгүй хувиа чуулганы хуралдаанд ирүүлэх үүрэг хүлээнэ. Тэгэж чадахгүй бол бүлэг байх шаардлагагүй гэдэг хуулийн төсөл санаачилна. Ингэж байж парламент төлөвшиж, парламентын хууль боловсруулах үйл ажиллагаа эрсдэлгүй болно. Тиймээс бид улс төрөө зөв хийх ёстой.

- Тодруулга өгсөнд баярлалаа.

Дээрхи хуулийн төсөлд чуулган тасалсан гишүүнд хариуцлага тооцдог, цалингаас нь хасах зэрэг заалт орох юм байна.  Ингэснээр  хариуцлагыг чангатгана гэж АН-ынхан үзэж байгаагаа  хуралдааны үеэр  мэдээллээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top