Б.Цогоог Төрийн албаны зөвлөлийн дарга болохыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Төрийн албаны зөвлөлийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Өмнө нь энэ асуудлыг хэлэлцсэн ч маргаан дагуулж, нягталж үзэхээр өнөөдөр орж ирж байгаа нь энэ юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн албаны зөвлөлийн даргад Б.Цогоог санал болгосон. Өнгөрсөн долоо хоногт болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр гишүүд саналаа илэрхийлсэн учраас энэ удаагийн хуралдаанаар гишүүд нэр дэвшигчээс асуулт, хариултаа үргэлжлүүлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: “Төрийн албаны зөвлөлд ямар шинэчлэлтүүдийг хийх, гадны туршлагуудаас яаж тусгах вэ?” гэдгийг тодрууллаа. Үүнд Б.Цогоо: “Төрийн албыг нийтийн албан болгохоор зорьж буй Засгийн газрын бодлогыг барьж ажиллана. Мөн Төрийн албаны зөвлөлөөр Канад улс дэлхийд тэргүүлдэг. Тиймээс тус орны туршлага болон бусад орны төрийн албаны туршлагыг судалж, улс төрөөс ангид төрийн албыг бий болгох ёстой гэж үзэж байна” гэв. Үүний дараа УИХ-ын гишүүн М.Энхболд: “Өнөөгийн төрийн албаны бүтэц томорч, зардал их гарч байна. 2013 оны Төсвөөс харахад, улсын нийт зарлага нь 2012 оны зарлагаас 1,1 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс зөвхөн төрийн албаны зардалд 780 орчим тэрбум төгрөгийг зарцуулах тооцоо гарсан байна. Тиймээс Төрийн албаны зөвлөлийг удирдах хүний хувьд зардлыг анхаарч ажиллах ёстой” гэдгийг анхаарууллаа.  Мөн тэрбээр “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш нийт 11 яамны Төрийн нарийн бичгийн дарга, 45 агентлагийн дарга нарын халаа, сэлгээ хийсэн. Ингэхдээ түр орлон гүйцэтгэгчээр төрийн алба дүүрч байна. 11 яамны Төрийн нарийн бичиг болон 45 агентлагийн дарга нар бүгд муу ажилласан учраас солигдсон гэж бодохгүй байна. Тиймээс энэ асуудлыг эргэн харж, холбогдох хүмүүст нь танилцуул”  гэдгийг үүрэг болгосон.  

Тус байнгын хорооны гишүүд асуултаа асууж, саналаа хэлж дууссаны дараагаар  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны санал дүгнэлтийн хамт УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.  Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Б.Цогоог Төрийн албаны зөвлөлийн даргаар томилох нь зүйтэй гэж үзэн энэ пүрэв гаригт хуралдах  УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болсон юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top