УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. хуралдааны эхэнд хэлэлцсэн асуудал нь Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын санаачлага байв. Уг хуулийг баталснаар Иргэний бүртгэл мэдээллийн санг улсын нууцаас гаргах юм. Ингэснээр Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв иргэдэд шуурхай үйлчлэх боломжтой болж байгаа аж. Уг хуульд орж байгаа бас нэгэн өөрчлөлт бол Монгол улсын газрын зургийн машстабын хэмжээг өөрчлөхөөр тусгасан байна. Ингэхдээ төрийн нууц, иргэний, бизнесийн гэсэн олон төрлийн хэмжээтэйгээр нууцын болон нууцын жагсаалтаас аль хэсгийг хасах зэргийг тодорхой тусгаж өгсөн байгаа аж.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Р.Амаржаргал улсын нууцын жагсаалтаас хасах зарим заалтад Иргэний бүртгэлийн сангаас гадна 10 гаруй сан байгаа. Үүнийг бүгдийг нь нууцын зэрэглэлээс хасах уу, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхдээ холбогдох байгууллагаас нь санал авсан эсэхийг тодруулсан юм. Үүнд хууль санаачлагч Ч.Сайханбилэг: “ҮАБЗ болон Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/ бусад холбогдох байгууллагаас тодорхой санал дүгнэлтийг авсан. Мөн хэлэлцэх явцад тодорхой асуултаар асуулга тавьж, тайлбар авсан байгаа. Ер нь бол дэлхий нийтээр технологийн хөгжлөө дагаад бид энэ шинэчлэлийг хийх ёстой байгаа юм” гэлээ.
ТЕГ болон БХЯ энэ хуулийн төсөлтэй танилцаж, нууцын зэрэглэлээс гаргах боломжгүй гэдгийг илэрхийлсэн байна. Үүнийг харин хууль санаачлагч: “Засгийн газрын хуралдаанд ТЕГ-ын дарга нь өөрөө тайлбар хийхдээ дэмжиж байгаа гэсэн тайлбар өгсөн” гэж тайлбарлав.
Улмаар Улсын нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэх эсэхээр санал хурааж, дэмжсэнээр УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болсон юм.
Ш.Чимэг
Сэтгэгдэл ( 0 )