ҮАБЗ-ийн гишүүнийг төрд зүтгүүлэх хуулийн төсөл дэмжигдсэнгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 08

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны хоёр дахь асуудал  УИХ-ын гишүүн Г.Уянгын бие даан  санаачилсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал байлаа.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн гишүүнээр ажиллаж байсан 16 хүн өнөөдөр Монгшол улсын бүхий л нууцыг мэдэж байгаа.  Харамсалтай нь тэдгээрийн зарим нь гадаадын компанид зөвлөдөг.  Үүнийг болиулж, Монголын төрд зөвлүүлэн цалинжуулах бөгөөд үүнд жилдээ 500 сая төгрөг  төсөвлөгдөх ажээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд: “Энэ хуулийн төслийг агуулгаар нь дэмжиж байна. Гэхдээ хуулийн төслийг сайтар боловсруулах нь зүйтэй” гэдгийг онцлов. Үүнээс гадна  ҮАБЗ-ийн тэргүүн байсан буюу  Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн хүн байгаа. Зөвхөн энэ дөрвөн хүнийг бүх насаар нь гэр бүлийн хамт хамгаалах, туслалцаа үзүүлэх нь зүйтэй гэж үзэх гишүүд байсан юм. Үүнтэй холбоотойгоор УИХ гишүүн Д.Эрдэнэбат: “Хуулийн төслийг агуулгын хувьд дэмжиж байна. Ерөнхийлөгч ажлаа өгсний дараа гэр бүлийн хамт аюулгүй амьдрах баталгааг төр хариуцах нь зүйтэй. Хамгийн чухал нь Ерөнхийлөгч байсан хүн албан тушаалаа өгвөл дахин улстөрд орохгүй байх гэдгийг оруулж өгөх ёстой юм. Тиймээс ҮАБЗ-ийн бүх гишүүд бус зөвхөн Ерөнхийлөгч гэдэг дээр тогтоод явбал дээр байх” гэснийг УИХ-ын гишүүд дэмжиж байлаа.

Хуулийн төсөлд  ҮАБЗ-ийн гишүүн байсан хүн  гэмт хэргээс чөлөөлөгдөнө гэсэн заалт байгааг гишүүд асууж байсан юм.  Үүнд хууль санаачлагч, УИХ-ын гишүүн  Г.Уянга: “Гэм буруутай нь тогтоогдоод, шүүхээс ял авсан хүн энэ заалтад хамрагдахгүй” гэж тайлбарлав.

Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараа Монгол Улсын ҮАБЗ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх эсэхээр санал хураасан ч таван гишүүн татгалзсанаар энэхүү хуулийн төсөл дэмжигдээгүй юм. Улмаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга энэхүү хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд дэмжигдээгүй гэсэн томъёоллоор санал хураахаар болсон юм. Хэрэв УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжвэл Г.Уянга гишүүний санаачилсан хуулийн төсөл унана. Харин байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжихгүй бол Монгол Улсын ҮАБЗ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу ҮАБЗ-ийн гишүүд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараа тодорхой ажил эрхлэхээр болж байгаа юм. Энэ асуудал УИХ-ын чуулганы нөгөөдрийн чуулганаар эцэслэгдэн шийдвэрлэгдэнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top