Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2013 оны 01 дүгээр сарын 08-нд 18 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ын баримт бичигтэй танилцаад гишүүдийн гаргасан саналыг тусгаж, Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тогтлоо.
Хүн амын огцом өсөлтийн олонхийг хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд бүрдүүлж, тэдний ихэнх нь гэр хороололд суурьшсанаар гэр хороолол хяналтгүй эрчимтэй тэлж, тээврийн хэрэгсэл, автомашины өсөлт зэрэг нь хотын байгаль-экологид сөргөөр нөлөөлж байна. Инженерийн нэгдсэн хангамжтай хэсэгт эмх замбараагүй барилгажих процесс хүчтэй явагдаж, эдийн засаг, нийгэм, инженерийн дэд бүтэц, авто зам, нийтийн тээвэр хүн амын үйлчилгээг хангаж чадахгүй байна. Эдгээр нөхцөл байдлын улмаас Улаанбаатар хотын 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсны үндсэн дээр 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийн, 2030 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай болсон байна.
Улаанбаатар хот нэг төвт бус улс, орон нутаг, хорооллын чанартай төвүүдтэй байх, гэр хорооллыг суурьшлын бүтцэд хамруулан дэд бүтэц, нийгмийн иж бүрэн үйлчилгээ бүхий 10 хороолол болгон хөгжүүлж, хороолол бүр дэд төвтэй байхаар тооцож төлөвлөсөн нь энэхүү төлөвлөгөөний архитектур, орон зайн оновчтой шийдэл, төлөвлөлтийн онцлог юм гэж Барилга хот байгуулалтын яам үзэж байна.
“Хүнээ эрхэмлэн дээдэлсэн тогтвортой, ногоон хөгжил”, “Аюулгүй, амьдралын таатай орчныг жигд бүрдүүлэх” гэсэн зарчмыг төлөвлөгөөнд баримталжээ.
Мөн хуралдаанаар мэргэжлийн хяналтын шинэчлэлийн танилцуулгыг хэлэлцлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )