Төрийн ордонд шатрын тэмцээн явуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 09

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийг энэ долоо хоногийн сүүлчээр орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдрийн хүрээнд зохион байгуулагдах ажлын талаар УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс тодруулав.

-Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөр удахгүй болох гэж байна. Энэ өдрүүдэд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэхээр заасан байдаг. Бид өнгөрсөн жил ардчилсан шинэ Үндсэн хуулийн 20 жилийн ойн арга хэмжээг нэлээд өргөн дэлгэр зохион байгуулсан. Энэ удаад Үндсэн хуулийн өдрөөр уламжлалт арга хэмжээнүүдийг зохион байгуулахаас гадна аймаг, нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ арга хэмжээ нэгдүгээр сарын 12, 13-ны Бямба, Ням гарагт улс орон даяар зохион байгуулагдана. Орон нутагт зохиогдох тэмцээнийг аймгийн ИТХ , Засаг даргын Тамгын газар хамтран нутгийн захиргааны ордонд зохион байгуулах юм. Шагналын асуудлыг УИХ-ын Тамгын газар ивээн тэтгэж байгаа.
Нийслэлд зохиогдох тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран ирэх амралтын өдрүүдэд Төрийн ордонд явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Үүний зэрэгцээ улс орон даяар Үндсэн хуулийг сурталчлах энэ ажлын хүрээнд Боловсролын яамтай хамтран их, дээд сургуулиуд, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнханд зориулж ардчилсан шинэ Үндсэн хуулийн агуулга, түүхэн ач холбогдлын талаар нэг цагийн видео хичээл заахаар төлөвлөгөө, хөтөлбөр гаргаад байна. Мөн энэ хүрээнд Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны зарим гишүүд энэ хичээлийг заах юм.
Энэ өдрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн түүх болон Үндсэн хуулийг баталж байх үеийн онцлог баримтуудыг дэлгэсэн үзэсгэлэнг ирэх Баасан гаригт Төрийн ордонд өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн энэ сарын 13-ны өдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно.
Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга ахласан комисс хариуцан бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.

-Энэ удаа яагааад шатрын тэмцээн зохион байгуулахаар болов?

-Урьд нь Үндсэн хуулийн өдөр Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран бөх барилдуулдаг байсан. Харин сүүлийн үед бөхийн барилдаан ойр ойрхон болж байгаа байгаа учраас энэ удаад УИХ-ын даргын ивээл шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар тогтсон. Оюуны спортыг зохих түвшинд дэмжих нь зүйтэй гэсэн зарчмыг гол болгосны үндсэн дээр ийм шийдэлд хүрсэн юм. Цаашид энэ тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх юм хэмээн УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top