Бор дарснаас татгалзаж буй Дэлгэрхангайн залуус

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 09

Бор дарснаас татгалзаж эрүүл идэвхтэй амьдралыг сонгож буй Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 32 залуу өнөөдөр Төрийн ордонд зочиллоо. “Архигүй Монголын төлөө” сэтгэл зүй, оюун санааны хөтөлбөрт оролцож байгаа тэдгээр залуус нутаг орондоо буцаж очоод эрүүлээр амьдарч, өрх гэр, амьжиргаагаа өөд татаж аж төрөхөө илэрхийлээд байгаа юм.

Дэлгэрхангайн залуус Төрийн ордны Чингисийн ёслол, хүндэтгэлийн цогцолбор, Есөн хөлт цагаан тугт танхим, Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зочилж дурсгалын зураг татууллаа.

 

Залуустай Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар уулзаж хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч бүх нийтээрээ архигүй болох уриалга дэвшүүлсэн. Түүнийг дэмжиж өөрсдийгөө ялан дийлж, архинаас татгалзаж  архигүй монгол хүн болж байгаад баяр хүргэе. Сум, орон нутагтаа очоод улам олон хүнийг архинаас гарахад нь туслаарай. Та бүхэн бол өөрийгөө ялан дийлсэн манлайлагчид юм шүү. Та бүхний ажил, амьдралд амжилт хүсэн ерөөе. Сум, орноороо улам  олуулаа архинаас татгалзсан архигүй монголчууд болцгооё ” гэлээ хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top